СЭЛЭНГЭ: Мал амьтныг онолын үндэстэй зөв тэжээснээр ашиг шим нь нэмэгддэг байна
ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮДСүхбаатар,
2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. ”Монгол
улсад ферментжүүлсэн багсармал тэжээл үйлдвэрлэлийн технологийг нутагшуулах
төсөлд Сэлэнгэ аймгийн Сант сумын 20 малчин өрх шалгаран оролцож байна.
Бүгд
Найрамдах Солонгос улсын хөдөөгийн хөгжлийн газрын харьяа “Монгол Копиа” төвийн
санхүүжилтээр ХААИС-тай хамтран хэрэгжүүлж буй энэхүү төсөл 2022-2024 онд хэрэгжиж байгаа юм.
Төслөөр малчдын
мэдлэг чадварыг дээшлүүлэхээр “Ногоон тэжээл тариалах”, “Сүү цагаан идээг
үйлдвэрлэлийн аргаар боловсруулах”, “Нэг наст болон олон наст тэжээлийн ургамал
тариалах” зэрэг олон мэдлэгүүдийг олгож байгаа аж.
Төсөл хэрэгжиж
эхэлсэн цагаасаа хойш дээрх сургалтуудаас гадна хадлан бэлтгэх, дарш хийх,
махны үхрийн тэжээл,тэжээллэгийг тооцох, бод малын зохиомол хээлтүүлгийн
техникчийг бэлтгэх, мал бордох, бүрэн автоматжуулсан сүүний үйлдвэр, хар тарлан үүлдрийн үхрийн сүүний аж ахуйтай оролцогчдоо
танилцуулж, дарш хийх талбайн өдөрлөгийг
зохион байгуулсан байна.
Энэ удаа Дархан-Уул
аймгийн Ургамал газар тариалан эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран хошуу
будааны элит үр үржүүлж, 20 малчин өрх
тус бүрд 1.1 тонн үрийг 2024 онд малын
тэжээл тариалахад нь зориулан олголоо.
Мал амьтныг онолын үндэстэй зөв тэжээснээр мал аж
ахуйгаас авах ашиг шимийг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн
энэхүү төслийн үр шимийг хүртэж байгаа малчид сэтгэл өндөр байна.
Төслийн
оролцогч Сэлэнгэ аймгийн Сант сумын малчин Ж.Чойжил: -Төсөл маш их үр өгөөжтэй. Манайх өнгөрсөн жил
тэжээсэн малаа мах бэлтгэлд өгсөн. Жин маш өндөртэй, ашиг шим өндөр гарсан. Бид
5 га газарт ногоон тэжээл тариалаад, 1100 орчим боодол өвс авч, үхэр малаа
тэжээсэн.
Сэлэнгэ
аймгийн Сант сумын малчин С.Сайнжаргал: -Бид ногоон тэжээл тарьж мэддэггүй байсан. Энэ төсөлд
хамрагдаж тэжээл тарьж сурлаа. Ногоон тэжээлийг дордсон малд өгөхөөр дордсон мал
маш сайн сэргэдгийг мэдэрсэн. Манайх өнгөрсөн жил ногоон тэжээлийн үрийг 5 га
талбайд тарьсан, маш сайн ургасан. Талыг нь задгайгаар авахад үлдсэн нь 600
боодол болсон. Худалдаж авахад 1 боодлыг 20 мянган төгрөгөөр авдаг. Гэтэл бид
үрээр ногоон тэжээлээ тарьж байгаа нь бараг зүгээр авч байгаатай адил юм. Төслийн
үр дүнд маш маш тэнхэрч, ашиг шим нэмэгдэж байна.
Төслийн зүгээс
оролцогч 20 өрхөд жил бүр 5-6 га талбайд тариалах тэжээлийн ургамлын үрийг олгоод
түүнийгээ тариалах дадалд сургадаг байна.