“Реал Мадрид” аваргуудын лигт 15 дахь удаагаа түрүүллээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-06-02 11:04:08

ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 2 /NBC/. Испанийн хөл бөмбөгийн “Реал Мадрид” баг Аваргуудын лигийн шувтаргын тоглолтод Германы “Боруссиа Дортмунд” клубийн хөлбөмбөгчдийг хожлоо.


Лондон хотын “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолт 2:0 харьцаагаар дууссан байна. Гоолуудыг Дани Карвахал (74 дэх минут), Винисиус Жуниор (83) нар хийжээ. Испанийн хагас хамгаалагчид болох Дани Карвахал, Начо Фернандес, Германы хагас хамгаалагч Тони Кроос, Хорватын хагас хамгаалагч Лука Модрич нар Аваргуудын лигийн цомыг хамгийн олон буюу зургаан удаа хүртсэн Испанийн хагас хамгаалагч Франциско Жентогийн (1956-1960, 1966) амжилтыг давтлаа. 


"Реал Мадрид" баг Аваргуудын лигийн цомыг 15 дахь удаагаа хүртэж (1956-1960, 1966, 1998, 2000, 2002, 2014, 2016-2018, 2022, 2024 он), тус тэмцээнд хамгийн олон удаа түрүүлсэн амжилтыг эзэмшиж байна. Мадридын клуб мөн 18 дахь удаагаа цомын төлөөх тоглолтод оролцлоо. "Боруссиа" баг гурав дахь удаагаа финалд тоглосон бөгөөд дортмундчууд 1997 онд хожиж, 2013 онд хожигдсон юм.


"Реал Мадрид"-ын ахлах дасгалжуулагч Карло Анчелотти Аваргуудын лигт тав дахь удаагаа түрүүллээ. Тэрбээр “Реал Мадрид”-ыг гурван удаа (2014, 2022, 2024), Италийн “Милан” багийг хоёр удаа (2003, 2007) ялалтад хүргэсэн байна. Энэ удаагийн финалын тоглолт түүний зургаа дахь тоглолт байлаа. 2005 онд К.Анчелоттигийн удирдлага дор "Милан" баг Английн "Ливерпүүл"-д торгуулийн цохилтоор хожигдож байсан юм.


Алдарт "Уэмбли"-д Аваргуудын лигийн финалын тоглолтыг найм дахь удаагаа (1963, 1968, 1971, 1978, 1992, 2011, 2013, 2024) зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ