Парисын Олимпын боксын төрөлд 63 орны 239 тамирчин эрх авлаа
ПАРИС 2024Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Зуны спортын XXXIII наадам эхлэхэд 51 хоног үлдсэн энэ үед сонирхогчдын боксын төрөлд Олимпын эрх олгох тэмцээнүүд албан ёсоор өндөрлөлөө.
Парисын Олимпод эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд тус бүр 124, нийт 248 боксчин өрсөлдөнө. Тэгвэл үүнээс өнөөдрийн байдлаар 63 орны 239 тамирчин эрхээ авчээ.
Энэ төрөлд хамгийн анхны эрхийг өнгөрсөн онд тивүүдийн наадмаар өгсөн байдаг. Таван тивийн наадамд эрэгтэйчүүдэд 64, эмэгтэйчүүдэд 75 эрх олгосон юм. Харин хоёр дахь тэмцээн Италийн Бусто Арсизиод болоход эрэгтэй 28, эмэгтэй 21 эрх өгсөн билээ. Ингээд Олимпын эрхийн сүүлчийн тэмцээний өмнө нийт 188 тамирчин хэдийнэ тийзээ захиалсан байв. Тэгвэл Бангкокийн тэмцээнд нийт 13 жинд 51 эрх олгов.
Гурван тэмцээний нийлбэрээр австраличууд 13 жингийн 12-т нь эрх
авснаараа бусад орныг тэргүүллээ. Араас нь Узбекистан 11, Казахстан, Ирланд,
Бразил 10 эрхтэй болов. Ингэхдээ боксын спортоор дэлхийд тэргүүлдэг Казахстан,
Узбекистан улс эрэгтэй долоон жинд бүгдэд нь эрх авснаараа онцлогтой.
Түүнчлэн Хятад, Франц, Итали, Тайланд, Турк, АНУ тус бүр найм, Их Британи, Энэтхэг, Испани, Тайвань зургаа, Алжир, Азербайжан, Болгар, Колумби, Куба, Филиппин, Польш тав, Мексик дөрөв, Бельги, Доминикан, Эквадор, Египет, Унгар, Иордан, Марокко, Нигери, Серби, Тажикстан, Украин гурав, Канад, Конго, Гүрж, Герман, Япон, Монгол, БНАСАУ, Норвеги, Пуэрто-Рико, Дүрвэгчдийн баг, БНСУ, Швед, Венесуэл, Вьетнам хоёр, Армени, Кабо-Верде, Хорват, Дани, Финланд, Косово, Киргизстан, Мозамбик, Нидерланд, Панам, Румын, Самоа, Словак, Тунис, Замби улс нэг эрх авчээ.
Гурван тэмцээний дараа эмэгтэйчүүдийн зургаан жинд 124 тамирчнаас 119-ийнх нь нэр тодорсон бөгөөд одоо таван квот үлдсэн байна. Харин эрэгтэй долоон жинд Парисыг зорих 120 тамирчны нэр тодорч, дөрвөн эрх үлдлээ. Тэгвэл үлдсэн есөн эрхийг Олон улсын боксын холбоо болон Олон улсын олимпын хорооныхон хэрхэн хуваарилахаа шийдэх юм.
“Парис-2024”
Олимпын наадамд манай улсаас эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн, 54 кг-д
М.Энхжаргал нар тулалдана. Харин эрэгтэйчүүд энэ удаа гэртээ өнжинө.