ГОВЬ-АЛТАЙ: Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг сурталчлах өдөрлөг болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2024-06-04 15:55:11

Говь-Алтай, зургаадугаар сарын 4 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамжийн үйлчилгээг сурталчлах нээлттэй хаалганы өдөрлөгийг энэ сарын 5-нд Алтай суманд зохион байгуулна.


Өдөрлөгөөр аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны танилцуулга, ажилгүй иргэдийг ажилд зуучлах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, нийгмийн халамжийн сангаас санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион байгуулна гэж ХХҮГ-ын дарга Д.Баттайван мэдээллээ.


Өнөөдрийн байдлаар Говь-Алтай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа 85 аж ахуйн нэгж, байгууллагаас 263 сул чөлөөтэй ажлын байр зарласан байна. Өдөрлөгт “Хан Алтай ресурс”, “Сидар” “Макс өргөө”, “Мандал голомт” компаниуд оролцож ажлын байр сонирхсон иргэдтэй уулзаж дэлгэрэнгүй танилцуулах юм. 


Ташрамд, Говь-Алтай аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн тэтгэвэрт 1494, асаргааны тэтгэмжид 1439 иргэн, хүүхдийн мөнгөн тэтгэмжид 21329 хүүхэд хамрагдаж байна.  

Холбоотой мэдээ