Дэлхийн шилдэг ресторанаар Испанийн “Disfrutar” шалгарчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-06-06 17:12:09

ПАРИС, 2024 оны зургаадугаар сарын 6 /AFP/. Испанийн Барселон хотын Disfrutar” ресторан дэлхийн шилдэг ресторанаар шалгарлаа. Энэ оны шилдэг 50 рестораны /50 Best/ жагсаалтад Испани, Латин Америкийн зоогийн газрууд давамгайлсан байна.  


Disfrutar” нь 2014 оны 12 дугаар сард Барселоны төвд байрлах Нинот захын хажууд нээгдэж байжээ. Британийн Ресторан сэтгүүлээс эрхлэн гаргадаг 50 Best” жагсаалтад уг рестораныг “өвөрмөц арга техниктэй, шинийг сэтгэгч, шинэлэг амттай” гэж тодорхойлсон байна.


Испанийн Росас хот дахь алдарт El Bulli” ресторанд бэлтгэгдэж байсан гурван тогооч “Disfrutar”-ыг ажиллуулдаг. “El Bulli нь шилдэг 50 рестораны жагсаалтыг 2002 онд анх тэргүүлж байсан бөгөөд нийтдээ таван удаа нэгдүгээрт бичигдэж байсан юм. 


Энэ оны жагсаалтын хоёрдугаар байрыг Испанийн өөр нэгэн зоогийн газар эзэлсэн нь Атксондо хотын “Asador Etxebarri” гэдэг ресторан юм. Харин гуравдугаар байрт Францын нийслэл дэх хамгийн үнэтэй ресторанд тооцогддог “Table de Bruno Verjus орсон байна. Шилдэг ресторанууд Лас-Вегас хотноо болсон ёслолын үеэр шагналаа гардан авчээ.


Шилдэг 50 рестораны жагсаалтыг 2002 оноос гаргаж эхэлсэн бөгөөд өдгөө Францын алдарт Мишелин одны олон улсын хувилбар болжээ. Шилдгүүдийг тодруулахад тогооч нар, туршлагатай аялагчид зэрэг дэлхийн 27 бүс нутгийн 1000 гаруй хүн оролцдог байна.

Холбоотой мэдээ