Монголын хөлбөмбөгийн шигшээ баг Камбожийг хүлээн авч тоглоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-11 13:06:44

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн шигшээ баг өнөөдөр Улаанбаатар хотноо Камбожийн эсрэг тоглоно.


Хоёр баг өнгөрсөн долоо хоногт Камбожийн Пномпень хотод нөхөрсөг тоглолт хийхэд талбайн эзэн 2:0-ээр хожсон юм. Тэгвэл өнөөдөр хариу тоглолт 17:00 цагаас Монголын хөлбөмбөгийн холбооны ногоон талбайд эхлэх гэж байна. Энэ нь Азийн аваргын урьдчилсан шатны плей-оффт Зүүн Тимортой хийх хариуцлагатай тоглолтын өмнө болж буйгаараа онцлогтой. Камбожийн шигшээ баг манайхтай тоглохоос өмнө 271 хоног хожил байгуулаагүй гэсэн анти статистиктай байсан бөгөөд уг хар цувралаа Монголын баг дээр зогсоолоо. Харин Монголын баг нэг жилийн хугацаанд өрсөлдөгч багийнхаа хаалганд гоол оруулаагүй гэсэн хар цувралтай.


Камбожийн шигшээ багийг аргентин мэргэжилтэн Феликс Далмас удирддаг бөгөөд тэд дэлхийн чансааны 179 дүгээр эрэмбэтэй. Харин Монголын шигшээг япон мэргэжилтэн Ичиро Оцүка удирддаг бөгөөд манайх 191-т жагсаж байна.


Монголын шигшээ хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Йемений шигшээг талбай дээрээ 2:0-ээр хожиж байлаа. Харин 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Гүржийн хаалганд гоол оруулсан байдаг юм. 

Холбоотой мэдээ