Мексикт нуур ширгэсний улмаас олон мянган загас үхжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2024-06-13 11:51:35

МЕХИКО, 2024 оны зургаадугаар сарын 13 /AFP/. Мексикийн хойд нутагт ган гачиг нүүрлэж, нуур хатаж ширгэсний улмаас олон мянган загас үхжээ.


Лхагва гарагт орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Бустильос нуурын усны түвшин хэвийн хэмжээнээс 50 хувиас доогуур байсан бөгөөд энэ нь бохирдуулагч бодисуудын агууламж нэмэгдэж, тэнд амьдардаг төрөл зүйлүүдэд аюултай болсон гэсэн үг юм.


Долоо хоногийн өмнөөс нуурын ёроолын хагарсан шавар дээр үхсэн загас бөөгнөрч эхэлсэн байна. Лхагва гарагт холбогдох албаныхан халдварт өвчин тархаж болзошгүй хэмээн болгоомжлон ялзарч муудсан үлдэгдлүүдийг цэвэрлэж байх үед эвгүй үнэр ханхалж байжээ.


Мексик даяар сүүлийн саруудад хэт халах болоод байгаа бөгөөд нийслэлээс гадна, олон арван хотод агаарын температурын дээд үзүүлэлт шинэчлэгдсэн байна. Гуравдугаар сарын дунд үеэс нүүрлэж эхэлсэн хэт халууны улмаас 125 хүн нас барсан гэж эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээлжээ.

Холбоотой мэдээ