ДОРНОГОВЬ: Үндэсний хөгжмийн хамтлагууд Сайншанд, Даланзадгадад тоглолтоо толилуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-14 13:30:30

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн “Болор эгшиглэн”, Өмнөговь аймгийн сурагчдын “Гурван сайхны эгшиглэн” хамтлагийн хамтарсан дан хөгжмийн тоглолт хоёр аймагт болно. 


Говийн сурагчдын үндэсний хөгжмийн хамтлагууд нь өөрсдийн гэсэн өвөрмөц онцлогтой, баялаг түүх бүтээсэн бахархам амжилттай бөгөөд өсвөрийн хөгжимчид мэргэжлийн түвшний ур чадварыг үзүүлж, ардын хөгжмийн ая эгшгээр сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээр бэлтгэлээ базааж байна.


Ташрамд дурдахад, “Болор эгшиглэн” хамтлагийн тоглолтыг “Морин хуурыг эрхэмлэн дээдлэх, түгээн дэлгэрүүлэх” тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газрын санаачилгаар нийслэлийн Хүүхдийн ордонд энэ оны тавдугаар сарын 18-нд олны хүртээл болгож байсан юм.


"Болор эгшиглэн” хамтлаг 2013 онд улсын анхдугаар уралдаанд “Монголын хүүхдийн ордны тайзан дээр найман сурагчтай гараагаа эхэлж байсан бол эдүгээ орон нутаг хийгээд нийслэлийн үзэгчдэд хүлээн зөвшөөрөгдсөн хамтлаг болтлоо өргөжин тэлжээ.


Хоёр хамтлагийн тоглолт Сайншанд хотын “Саранхөхөө театр”-т зургаадугаар сарын 20-ны 17:00 цагт, Даланзадгад хотын “Хөгжимт жүжгийн театр”  зургаадугаар сарын 23-ны 18:00 цагт тус тус болно.

Холбоотой мэдээ