Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг Босни-Херцеговинтой хамтарсан бэлтгэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-06-18 10:58:21

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Монголын сагсан бөмбөгийн шигшээгийнхэн өнөөдөр Босни-Херцеговин улсыг зорилоо.


Тус улсын нийслэл Сараево хотод тэд14 хоног бэлтгэл хийхээс гадна Сербийн зургаан багтай нөхөрсөг тоглолттой. Босни-Херцеговиныг зорьсон багт 15 тоглогч, дөрвөн дасгалжуулагч, албаны хүний хамтаар явж байгаа юм. Ахлах дасгалжуулагч Василис Фрагкиас болон Грекийн шигшээ багийн хөдөлгөөн засалч Нтакоулас Константинос нар Афин хотоос Сараево хотод ирж, шигшээ багт нэмэгдэх аж.


Шигшээ багийн хамгийн ахмад нь 1995 оны О.Эрдэнэцогт, Б.Энх-Амгалан нар бол хамгийн залуу нь 2005 онд төрсөн С.Төгөлдөр байна. Мөн Японоос О.Тулга, АНУ-аас Г.Дөлгөөн нар нэмэгджээ.


Энэхүү бэлтгэл нь Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод зориулсан гэдгээрээ онцлог юм. Монголын шигшээ баг анх удаа урьдчилсан шатанд шалгарсан бөгөөд ирэх 11 дүгээр сард Япон, Хятадтай тоглоно.

Холбоотой мэдээ