ОУОХ цахим спортын Олимпын наадам зохион байгуулна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТЛОЗАНН, 2024 оны зургаадугаар сарын 18 /Xinhua/. Олон улсын олимпын хорооны /ОУОХ/ 142-р чуулганаар "Цахим спортын Олимпын наадам"-ыг бий болгохыг тус хорооны Гүйцэтгэх зөвлөлөөс санал болгожээ.
ОУОХ-ны цахим спортын комиссоос өргөн мэдүүлсэн саналыг Гүйцэтгэх зөвлөл хүлээн авч, саналыг “Парис 2024” наадмын үеэр болох чуулганы санал хураалтад оруулахаар шийдвэрлэсэн байна.
“Цахим спортын Олимпын наадмыг бий болгосноор ОУОХ дижитал хувьсгалын хурдтай хөл нийлүүлэн алхахад чухал алхам хийж байна” гэж тус байгууллагын ерөнхийлөгч Томас Бах мэдэгджээ. ОУОХ Цахим спортын Олимпын наадмыг зохион байгуулах боломжтой улстай хэлэлцэж эхлээд байгаа бөгөөд албан ёсны шийдвэр гарсны дараа зохион байгуулах орныг зарлах ажээ.
2018 онд Лозанн хотод цахим спортын форум болж байв. Харин 2021 онд Олимпын хороо анхны виртуал цуврал тоглолтыг зохион байгуулсан юм.
2023 оны 6 дугаар сард ОУОХ Сингапурын Соёл, спорт, залуучуудын яам, Олимпын хороотой хамтран Цахим спортын Олимпын долоо хоногийг тус улсад зохион байгуулсан. Уг тэмцээнд 500 гаруй хүн оролцож, шууд нэвтрүүлгийг нь зургаан сая гаруй хүн цахимаар үзжээ.