ДОРНОГОВЬ: Хамарын хийдийн маршрут

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-18 16:01:51

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт байдаг энергийн төв гэгддэг Хамарын хийдийн аяллын маршрутыг хүргэе. Дорноговь аймаг нийслэл Улаанбаатараас 456 км алслагдсан төмөр зам, авто замын хос хөдөлгүүртэй.


Улаанбаатар-Сайншанд, чиглэлийн автобус Баянзүрх дүүргийн “Тэнгэр плаза” худалдааны төвийн дэргэдээс явдаг. Хэрэв галт тэргээр аялах бол Улаанбаатар-Сайншанд чиглэлийн галт тэргэнд 20.30 минутад сууж шөнөжин давхисаар өглөө нар ургах мөч буюу 06.40 минутад Сайншандад хүрнэ. Долоо хоногийн таван өдөр тогтмол ажилтай хүмүүс баасан гаргийн үдэш амралтын өдрүүдийг тааруулж аялахад тохиромжтой.


Гурваас дөрвөн хүн баг болоод ирвэл такси унаа авахад илүү боломжтой. Галт тэрэгнээс буусан өглөө Сайншандын төмөр замын вокзалаас өдрийн 20-25 мянган төгрөгөөр хөлсний таксинд суугаад хамгийн ойр аялал жуулчлалын бүс Хамарын хийдийг зорино.


Мөн Улаанбаатараас өөрийн хувийн унаагаар аялах боломжтой. Аяллын завсраар Хамарын хийд дэх хоолны гэрүүд, гурван замын уулзвар дахь жуулчны баазад зочилж гүнцэг барина. Хавар, зун, намрын алинд ч ирэхэд говь нутгийн сонин сайхныг үзэж сонирхох боломж дүүрэн бий.


Ирсэн гийчид, аялагчдын э
хний үзэх газар бол Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт буй XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаагийн 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар байгуулсан Хамарын хийд, Хамарын хийдтэй хаяа залгаа оршдог үлэмж том Өвгөн суваргыг үзнэ.


1823 онд Ноён хутагт анх энэхүү суваргыг Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд бүтээн байгуулсан боловч 1937 онд буулгасан. Иймээс Монголын хамгийн том энэ суваргыг дахин шинээр сэргээн бүтээж 2011 онд нээлтээ хийсэн юм.


Шамбалын орон буюу Энергийн төв


Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан гэдэг.


Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юм уу оюун санаагаараа очиж чадах бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашааг тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан.


Шамбалын орон 25 хаантай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном хурдаг. Мөн бурхны мэлмий, бясалгалын агуй зэрэг түүхэн үйл явдалтай холбоотой эрчим энерги шингэсэн газраар явж нэг өдрийн аяллаа дуусгаад 19.30 минутад Сайншанд-Улаанбаатар чиглэлийн галт тэргэнд сууж шөнөжин давхисаар ням гаргийн өглөө Улаанбаатарт хүрнэ.


Хамарын хийд, энергийн төв, Хүслийн уулнаа зорчсон хүн жилийн заслаа хийлгэсэн мэт сэтгэл дүүрч бодол тэгширдэг билээ. 

Холбоотой мэдээ