МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрыг БНХАУ-ын Бээжин хотноо нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-06-18 16:35:02

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, Монголын бизнесийн төлөөллийн байгууллага Монголын Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Бээжин хотноо уулзав.

Уулзалтаар сэргээгдэх эрчим хүч, ногоон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тээвэр ложистик болон боловсролын салбарын төсөл хөтөлбөрт хөрөнгө оруулалт татах, бизнес эрхлэгчдийг холбох чиглэлээр санал солилцлоо.


Түүнчлэн Хятадын Худалдааг дэмжих хороо, МҮХАҮТ-тай хамтран “Гадны хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, хуулийн зөвлөгөө үйлчилгээ өгөх хуулийн хэлтэс байгуулах хэрэгцээ шаардлага байна” гэдэг дээр санал нэгдэв.

Уулзалтын төгсгөлд Хятадын Худалдааг дэмжих хорооноос 2024 оны 11 дүгээр сард болох “Олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээ экспо”-д Монгол Улсын бизнес эрхлэгчдийг өргөнөөр оролцохыг урилаа.




Уулзалтын үеэр МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрыг БНХАУ-ын Бээжин хотноо нээлээ. “Танхимын төлөөлөгчийн газар нь хоёр улсын эдийн засгийн болон гадаад худалдаа, экспортын хамтын ажиллагааг өргөжүүлэн тэлэх бизнес эрхлэгчид болон хоёр улсын ААН-үүд харилцаа холбоо тогтоох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдааны бодит үр дүн гаргахад чиглэх болно” гэдгийг БНХАУ дахь  МҮХАҮТ-ын төлөөлөгчийн газрын тэргүүн, гүйцэтгэх захирал О.Амарболд онцлов.




Мөн нээлтийн үеэр БНХАУ-ын Олон Улсын Худалдааг Дэмжих Хорооны ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо болон МҮХАҮТ хооронд байнгын зөвлөлдөх ажлын хэсэг байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан юм. Түүнчлэн Бээжин дэх МҮХАҮТ-ын Төлөөлөгчийн газраас гишүүнчлэлээ авч буй БНХАУ-ын анхны компаниуд болох “Hongkong Foison Holding”, “Chongqing Tongyao Intelligent Equipment”, “Inner Mongolia Zhongxin Runlian Export, Import Trading”-гийн төлөөлөлд гишүүний гэрчилгээгээ гардуулав. 

Холбоотой мэдээ