БОАЖ-ын сайд идлэг шонхорын асуудлаар хуулийн байгууллагад хандана

Монголын мэдээ | Хууль
ariunbold@montsame.mn
2016-10-10 09:18:28

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг идлэг шонхор шувууны хууль бус наймаа хийсэн хэмээн мэдэгдсэн Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл болон бусад хүмүүсийг хуулийн байгууллагаар шалгуулах болсон талаар БОАЖЯ-наас мэдэгдэл гаргав.

Тус мэдэгдэлд, "БОАЖ-ын сайд Д.Оюунхоролыг  шонхрын  хууль бус  наймаа хийсэн хэмээн  Монголын мэргэжлийн анчдын холбооны тэргүүн Д.Гэрэл нарын хүмүүс олон нийтэд удаа дараа цацаж байна.  Шонхор шувууг гадаадад гаргах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар  шийдвэрлэдэг. Засгийн газраас гарсан холбогдох  шийдвэрийн дагуу БОАЖЯ  зөвшөөрөл бүхий гадаадын иргэнтэй гэрээ байгуулж,  шонхор шувуу барих эрх олгодог. Эрх авсан хүн Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу орон нутагтай гэрээ байгуулан, хуульд заасан зохих  төлбөрийг төлж шонхор шувууг барьдаг. Энэ  дагуу бүх үйл ажиллагаа хууль ёсоор явагдаж байна. 2013 онд Засгийн газраас гарсан тогтоолын дагуу  шонхор шувууг зөвхөн төрийн өндөр дээд айлчлалын үед бэлэглэлийн журмаар барих зөвшөөрөл олгодог  болсон. Өнөөдөр  энэ шийдвэр  хүчин төгөлдөр үйлчилж байна.

Төрийн бус байгууллагын нэр  барьж олон нийтэд худал мэдээлэл цацаж,  БОАЖ-ын сайдын нэр хүндэд бүдүүлгээр  халдаж байгаа асуудлыг шалгуулахаар бид хууль хяналтын байгууллагад хандах болно" гэжээ.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ