ӨВӨРХАНГАЙ: Хайрхандулаан сумыг хатуу хучилттай замаар төв замд холбоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-06-21 10:36:42

Арвайхээр, 2024 оны зургадугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумыг А0302 дугаартай улсын чанартай авто замд холбох 3.2 км замын ажил эхэллээ.


Уг ажлыг 2010 оноос эхлэн ярьж, сумын хөгжлийн төлөвлөгөөнд оруулан холбогдох газруудад уламжилж ирсэн юм. Баруун аймгуудыг чиглэсэн төв зам Хайрхандулаанаар дамжин өнгөрдөг учраас хатуу хучилттай авто замаар холбох нь сумын хөгжилд төдийгүй иргэдийн аж амьдралд эерэг нөлөөтэй, зорчигчдод шуурхай үйлчилгээ үзүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзэж байна.




Тиймээс аймгийн ЗДТГ-ын захиалга, УИХ-ын гишүүдийн дэмжлэгээр 2023 оны улсын төсөвт 2.6 тэрбум төгрөг тусгаж, Өвөрхангай АЗЗА, Дундговь АЗЗА компани хамтран 5 дугаар сараас ажлыг эхлүүлээд байна.


Мөн энэ жил Есөнзүйл сумыг А0301 дугаартай улсын чанартай авто замд холбох 14.7 км авто замыг Дэлхийн банкны 13.7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр шийдвэрлэсэн бол Нарийнтээл сумын Баянтээг багаас улсын чанартай төв зам хүртэлх 22 км замын зураг төслийг хийж байна.


Арвайхээр-Хужирт сумыг холбосон 43.3 км авто замын ажил энэ онд эхлэх бол Бат-Өлзий, Хужирт сумыг холбох 49 км хатуу хучилттай замын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байна.

Холбоотой мэдээ