Монгол Улс 46 орны 157 цэг рүү шууд нислэг үйлдэх боломжтой боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-25 08:53:07

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёевийн урилгаар энэ сарын 23-26-нд тус улсад төрийн айлчлал хийж байна. 


Айлчлалын хүрээнд Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Олон улсын автотээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газрыг төлөөлж Тээврийн сайд И.Махкамов нар өчигдөр гарын үсэг зурлаа.

Хэлэлцээр байгуулснаар хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдэж, нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигч урсгалыг нэмэх, мөн аялал жуулчлалыг дэмжих, хоёр улсын хоорондын худалдаа, эдийн засгийн эргэлтийг сайжруулах зэрэг харилцаа хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.


Түүнчлэн “Олон улсын автотээврийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн үр дүнд хоёр талын тээвэрчид харилцан тээвэрлэлт гүйцэтгэх эрх зүйн таатай нөхцөл бүрдэхийн зэрэгцээ монголын тээвэрчид Узбекистанаар дамжин Төв Азийн бусад улсууд, цаашлаад Турк, Ойрхи Дорнод, Европ руу тээвэр хийх боломжийг нээж өгч байгааг ЗТХЯ мэдээллээ. 


Хоёр тал БНХАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин харилцан тээвэрлэлт хийхэд анхаарахаар тохиролцсон. Узбекистаны Ташкент-Казахстаны Алматы-Хоргос боомт-БНХАУ-ын Өрөмч боомт-Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт гэсэн 4172 км маршрутыг ашиглахаар тохиролцлоо. Энэ нь ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин явах замаас 1100 гаруй км дөт юм. 


Узбекистан Улс нь Монгол Улсын хувьд “Автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулсан 16 дахь улс болж байна. 

Холбоотой мэдээ