ЗАВХАН: Аюултай хог хаягдлыг устгаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-26 12:45:59

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Завхан аймаг аюултай хог хаягдлын тооллогыг хоёр жилд нэг удаа хийж, жил бүр эдгээр хог хаягдлыг мэргэжлийн байгууллагатай хамтран устгадаг.


Тухайлбал, 2023-2024 онд аймгийн хэмжээнд авто засвар, шатахуун түгээх станцаас үүсэж байгаа аюултай хаягдал гэхэд, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны бусад тос 4.5 тонн. Хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны хлор агуулсан эрдсийн тос 2 тн, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны нийлэг тос 1.2 тн, хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны хлор агуулаагүй эрдсийн тос 61.9 тн байна.


Мөн био задралд түргэн ордог хөдөлгүүр, хурдны хайрцгийн болон тосолгооны тос 0.65 тонн. Хортой бодисын үлдэгдэл агуулсан бохирдсон сав баглаа боодол гэхэд 15030 ширхэг, тосны шүүр 6571 ширхэг, хар тугалгатай батерей, аккумлятор 1798 ширхгийг тоолжээ.


Түүнчлэн дулаан үйлдвэрлэгчээс үүсэж байгаа хяналттай хаягдал гэхэд, нүүрсний дэгдэмхий үнс 12031 тонн байна. Ахуйн бохир усны цэвэрлэгээний лаг 50 тн, хортой бодис агуулсан хэвлэлийн хорны хаягдал (картрижийн хамт), принтерийн хорны үлдэгдэл агуулсан хаягдал гэхэд 3990 ширхэг бүртгэгджээ. Эдгээр аюултай хог хаягдлын тооллого хийж, хог хаягдлыг стандартын дагуу устгах, зайлуулах, тээвэрлэх ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран хийж байна.


Хог хаягдлын тухай хуульд зааснаар “аюултай хог хаягдал” гэдэг нь тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдал юм.


Энэ нь аюултай хаягдлыг шинж чанараар нь ангилж буй хэрэг юм. 
Аймгийн хэмжээнд найман эх үүсвэрээс 33 нэр төрлийн аюултай хаягдал үүсэж байгааг тогтоосон байна гэж Завхан аймгийн БОАЖГ-аас мэдээлэв.





Холбоотой мэдээ