Гаитид булчин задрах тахал газар авах эрсдэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dorjkhand@montsame.mn
2016-10-10 13:10:44

НҮБ. /TASS/. Хар салхинд нэрвэгдсэн Гаити улсад холер буюу булчин задрах тахал газар авч болзошгүй байна гэж НҮБ анхаарууллаа. Өнгөрсөн долоо хоногт Карибын тэнгисийн тус улсыг хөнөөлт “Мэтью” хар салхи дайран өнгөрч, 900 орчим хүний аминд хүрснээс хойш булчин задрах тахлын халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа ажээ.

Бямба гарагт Гаитигийн албаны хүмүүс “манай улсын баруун өмнөд нутагт булчин задрах тахлаар 13 хүн нас барсан” гэж мэдээлжээ.

Булчин задрах тахал бол усаар дамждаг халдварт өвчин бөгөөд уг өвчний халдвар авсан тохиолдолд суулгаж, шингэний дутагдалд орж, улмаар амь насаа алддаг байна. Зарим тохиолдолд энэ өвчин нь хэдхэн цагийн дотор хүний аминд хүрдэг.

2010 онд болсон томоохон газар хөдлөлтийн дараа НҮБ-ын энхийг сахиулагчид энэ аюулт өвчнийг Карибын тэнгисийн тус улсад “санамсаргүйгээр” тараасан гэдэг. Тэр цагаас хойш тус улсад хэдэн зуун мянган хүн уг өвчний халдвар авснаас 9000 гаруй хүн нас баржээ.

Энэ он гарснаас хойш 240 хүн уг тахлаар нас барсан байна.

Одоо Гаитигийн эрх баригчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал бол тус улсад эрүүл ахуйн нөхцөл байдлыг сайжруулах явдал юм.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт “Мэтью” хар салхи дайран өнгөрснөөс хойш булчин задрах тахал туссан 62 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллагын мэдэгдсэнээр, булчин задрах тахлын халдвар авсан тохиолдол 2017 онд эрс нэмэгдэх хандлагатай байна.

Үүний зэрэгцээ хар салхинд өртсөн хүмүүст хоол хүнс болон эм тарианы тусламж үзүүлэх хэрэгтэй байна. Бараг нэг сая хүнд яаралтай тусламж хэрэгтэй байна гэж Францын хүмүүнлэгийн тусламжийн “CARE” байгууллага мэдэгдлээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ