ЗАВХАН: 13 сум түймрийн эрсдэлийн нэн аюултай түвшинд байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024
оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/.
Завхан аймгийн Баянтэс суманд гарсан ойн түймэрт 4 га
талбай өртжээ.
Баянтэс сумын Зайгал багийн Үнэгтийн-Ам гэдэг газар, аймгийн төвөөс зүүн хойд зүгт 400 км, сумын
төвөөс зүүн хойд зүгт 70 км, Тэс сумын төвөөс зүүн хойд зүгт 130 км-т ойн түймэр
гарсан. Энэ тухай дуудлагыг зургаадугаар сарын 29-ний өдрийн 23:15 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ. Түймэр гарсан газар бартаа саад ихтэй, автомашин очих боломжгүй тул мориор болон явганаар очиж унтраах болон унанг шатсан модыг холдуулах ажлыг хийсэн байна.
Түймрийг унтраахад Баянтэс сумын мэргэжлийн ангийн алба хаагчид, нэмэлтээр Завхан аймгийн Онцгой байдлын газрын Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагч 31 хүн оролцсон байна. Түймрийн голомтыг тойруулан 150 метрт зогоон татаж, хяналтад оруулжээ.
Ингээд 600 метрийн урттай, 1 метрийн өргөн зогоон татаж долоодугаар сарын 1-ний өдрийн 19:23 цагт унтрааж, Баянтэс сумын Засаг даргын Тамгын газрын
байгаль орчны улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгчээ. Урьдчилсан
байдлаар түймэрт 4 га талбай өртсөн байна.
Завхан аймгийн 13 сум түймрийн эрсдэл нэн их буюу нэн аюултай түвшинд, түймрийн эрсдэл их буюу аюултай түвшинд 9 сум байна. Нийт нутгаар ойрын өдрүүдэд аагим халуун үргэлжилнэ.
Тиймээс ихэнх нутгаар хуурайшилтын нэн аюултай зэрэгт байгаа тул ой, хээрийн бүсэд аялал, амралт зугаалгаар зорчих үедээ гал түймрийн аюулгүй байдлыг хангахыг онцгойлон анхааруулж байна гэж Завхан аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.