Залуучууд сонгуулийн үйл явцыг анх удаа ажигласнаа танилцуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-02 12:28:33

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 2 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үеэр “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” ТББ-уудын сүлжээ анх удаа байгуулагдан ажилласан юм.


“Глоб интернэйшнл” төв, “Бодлогод залуусын хяналт” зэрэг 3-4 ТББ нэгдэж, иргэний нийгмийн, хараат бус, сайн дурын ажиглагч залуучуудыг ажиллуулан УИХ-ын сонгуулийн үйл явцад мониторинг хийх, мөн нэр дэвшигчдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг нээлттэй болгох гэсэн хоёр үүрэгтэй ажилласнаас өнөөдөр сүүлийн судалгааг мэдээлэв.


Тэдний танилцуулснаар энэ удаагийн УИХ-ын сонгуулиар санал хураах, тоолох, дүн гаргах үйл явцад ноцтой зөрчил гараагүй байна. Ажиглалт хийсэн хэсгийн хороод дээр зохион байгуулалтын болон тохиолдлын чанартай зөрчил гарч байсан ч энэ нь санал хураалт, тооллогын дүнд сөргөөр нөлөөлөөгүй гэсэн байна.


“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний 240 ажиглагч залуучууд нийслэлд 100 хэсгийн хороо, 11 аймгийн 12 хэсэгт нийт 112 хороог хамран ажиллажээ.




“Бодлогод залуусын хяналт” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мандхайхатан, сайн дурын ажиглагч нарыг СЕХ зөвшөөрч, цахимаар бүртгэн ажиллуулсан боловч сонгуулийн зарим хэсгийн хороон дээр тэднийг хүлээн зөвшөөрөхгүй байх, нэвтрүүлэхгүй байх зэрэг хүнд суртал гаргаж байсан талаар хэллээ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй сонгогч иргэд саналаа өгөхөд төвөгтэй байсан талаар мэдээлэв. Ялангуяа харааны бэрхшээлтэй иргэдэд хүндрэлтэй байжээ. 


Цаашид сонгуулийн хандив тусламж, мөнгөн хөрөнгө, түүний тайланг цахимжуулах, цахим системд нэгтгэх шаардлагатай байгаа нь харагдлаа гэв. Учир нь сонгуулийн мөнгийг юунд зарцуулж буй нь тодорхой бус, мэдэгдэхгүй байдал ажиглагджээ.





Телевизүүдээр цацагдсан сонгуультай холбоотой мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэгт хийсэн судалгаагаар төвийг сахисан, эерэг мэдээлэл зонхилж, сөрөг буюу хар мэдээлэл буурчээ.

Явцын тайлангаас харахад орлого, зарлага, сонгуулийн хандивын үлдэгдэл дүн зөрүүтэй байх, буцаах, өртэй гарах явдал намуудын тайланд гарчээ. Жишээ нь, Иргэний хөдөлгөөний нам 640 сая төгрөгийн өртэй байна. УИХ-д суудал авсан намуудын явцын тайланг нэгтгэж үзвэл:

  • МАН-ын 76 нэр дэвшигч 41 тэрбум гаруй төгрөгийн орлого бүрдүүлж, 29.6 тэрбум төгрөгийн зарцуулсан,
  • АН-ын 73 нэр дэвшгч 26.2 тэрбум төгрөгийн орлого бүрдүүлж, үүнээс 21.7 тэрбум төгрөгийг зарцуулсан,
  • ХҮН намын 74 нэр дэвшигч 3.2 тэрбум төгрөгийн орлого, 2.3 тэрбум гаруй төгрөгийн зардал,
  • “Үндэсний эвсэл” дээр 41 нэр дэвшигчийн 2.9 тэрбум төгрөгийн орлого, 2.3 тэрбум гаруй төгрөгийн зардал гарчээ.
  • ИЗНН-ын 12 нэр дэвшигч 577 сая гаруй төгрөгийн орлогоос 525 сая төгрөгийг тус тус зарцуулсан байна.

 

Холбоотой мэдээ