ДОРНОГОВЬ: Даланжаргалан сумын түүхт 100 жилийн ой тохиож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-07-06 20:08:22

Сайншанд, 2024 оны долоодугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Даланжаргалан сумын түүхт 100 жилийн ойн баяр наадам өнөөдөр тохиож байна. Наадмаар зургаан насны морьд уралдаж, хүчит 64 бөх барилдаж, харваачид эрхий мэргэнээ сорин өрсөлдөж байна.


Сумын ЗДТГ-аас 100 жилийн ойгоо угтан наадмын талбайгаа шинэчлэн ашиглалтад оруулсан бол нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах олон ажлыг гүйцэтгэжээ. Тус сум Ардын хувьсгалын ялалтын үед Хан Хэнтий аймгийн Оцол сансар уулын хошуунд харьяалагдаж байгаад 1924 онд БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн V тогтоолоор Даланжаргалан сум нэртэй Боржгин Цэцэн вангийн хошууны нутаг Элдэв хэмээх газарт байгуулагджээ. Нутгийн баруун болон хойд талаараа Дундговь, Говьсүмбэр, Хэнтий аймагтай, бусад талаараа өөрийн аймгийн Айраг, Иххэт сумтай хиллэдэг. Нийслэл хотоос 300 км, аймгийн төв Сайншанд сумаас 156 км-т төвлөрдөг.






Боржгины нутаг Даланжаргалан манай орны говь хээрийн бүсийн аргаль, янгирын үржиж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Хүний гараар урласан уу гэмээр эртний хот балгадыг санагдуулам элэгдэж эвдэрч, сунаж тогтсон сүрлэг хадны тогтоц, хадны дундаас дүүлэн харайх аргаль, янгир, хар сүүлт, цагаан зээр, жигүүртэн шувууд, нүүдлийн шувууд нь дөрвөн улирлын ааш аягтай хэдийнэ зохицжээ.


1981 онд монгол хүн анх сансарт нисэхэд сансрын хүнсэнд хэрэглэх хамгийн сайн үхрийн махыг Даланжаргалан сумын үхрийн аж ахуйгаас авч байсан түүхтэй. Энэ нутгийнхан боржгин хийц, үнэт эдлэл, боржгин хуур, боржгин найр, боржгин байшин гээд өөрсдийн соёл уламжлалаа өдий хүртэл хадгалж явна.

Холбоотой мэдээ