Бөөрөлжүүтийн цахилгаан станцын I блокийг 10 дугаар сард ашиглалтад оруулах боломжтой болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-07-08 14:15:47

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хот анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, үүний 300 тэрбум төгрөгийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулснаар эхний блок буюу 150 мВт хүчин чадалтай станцыг 10 дугаар сард ашиглалтад оруулах боломжтой боллоо.


Төв аймгийн Баянжаргалан суманд Бөөрөлжүүтийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн нийслэлээс 120 км зайд барьж буй тус цахилгаан станцыг дөрвөн блок бүхий 600 мBт хүчин чадалтай байхаар төлөвлөжээ. Одоогоор эхний блокын ажил 72 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тодруулбал, тус станцын GIS 220кВ-ын ил хуваарилах байгууламжийн тоног төхөөрөмжийг угсарч, гадна барилгын ажлыг дуусгажээ. Мөн А баганын гадна шинэ суурилуулалт, трансформаторын холболт, тоноглол суурилуулалт, тусгаарлалт, нарийн хэмжүүрийн кабель холболт, өндөр хүчдэл талын 3 фазын цэнэг шавхагчийг хийжээ.



Харин станцын зуухны нүүрсний бункерийн 85 хувийг нь угсраад байгаа. Агаарын компрессорын барилга, ESP цахилгаан шүүлтүүрийн барилга угсралт, эргэлтийн усны насос, үйлдвэрийн хаягдал усны насос станцын барилгыг угсарч байна. Хоёрдугаар блокыг 2025 онд ашиглалтад оруулах бөгөөд тус 2 блок бүхий 300 мВт цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 2.1 тэрбум хүртэл кВт цахилгаан үйлдвэрлэх аж.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Улаанбаатар хот анх удаа 500 тэрбум төгрөгийн бонд арилжиж, 300 тэрбумыг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулахаар шийдлээ. Мөн 50 мВт-ын хүчин чадалтай батарей цахилгаан станцын тендерийг энэ сард зарлана. Бөөрөлжүүтийн эхний блок болон батарей станцыг ашиглалтад оруулснаар дутагдаад буй эрчим хүчийг сэргээж чадна” хэмээн онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ. 



Холбоотой мэдээ