Даниел Махони: Хөрөнгө оруулалтад улс төрчдийн бус эдийн засгийн шийдэл хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-07-08 15:26:39

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Монголын Эдийн засгийн форум Төрийн ордонд салбар хуралдаануудаар үргэлжилж байна.


Нэгдсэн хуралдаан “Бүсчилсэн хөгжлийн бодлого” сэдвээр болж, үдээс хойш салбар хуралдаанууд “Бүчилсэн татвар, хөрөнгө оруулалтын бодлого”, “Тээврийн дэд бүтэц ба бүс нутгийн хөгжил” зэрэг сэдвээр боллоо. Мөн нэгдсэн хуралдаан “Ногоон эрчим хүч ба эрчим хүчний салбарын либералчлал”-аар үргэлжилж байна.

Монголын Эдийн засгийн форумын энэ удаагийн хүндэт зочноор АХБ-ны ерөнхий эдийн засагч Алберт Пак, “Greran group”-ын Рандийп Сингх Гревил, “Envision Energy”-ийн төлөөлөгч хатагтай Лижи Лу, Францын “Орано” группийн Оливер Тюмир нарын гадаадын хөрөнгө оруулагч нар, олон улсын байгууллагын тэргүүлэх төлөөлөгчид оролцож байна.




Мөн энэ жилийн чуулганы нэгдсэн хуралдааны онцлох зочноор CNN телевизийн сэтгүүлч Ричард Остин Квест уригдан оролцож, чуулганы нэгдсэн хуралдааны модератор чиглүүлэгчээр ажиллаж байна. Хүндэт зочдын нэг Монгол дахь Европын танхимын гишүүн, Гадаад хөрөнгө оруулалтын ажлын хэсгийн дарга, хуульч, ноён Даниел Махонигаас зарим зүйлийг тодруулав.

-Эдийн засгийн форум дээр Монгол Улсын Ерөнхий сайд гадаадын хөрөнгө оруулагч нартай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ. Монголд олон жил ажиллаж, хөрөнгө оруулагчдын ажлын хэсгийг ахалж буй таны сэтгэгдлийг сонсоё? Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд Монгол Улс юу хийх хэрэгтэй байна вэ?

-Шинээр эмхлэгдэн байгуулагдаж буй Засгийн газрын тэргүүний мэдэгдлийг таатай хүлээн авч байна. Гадаадын хөрөнгө оруулалтын талаар, түүнтэй холбоотой хууль Монгол Улсад бол байгаа. Гагцхүү хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Үүнд шинээр сонгогдсон парламент, дахин байгуулагдаж буй Засгийн газар анхаарч ажиллах шаардлага бол бий.




Өнөөдөр Монголд гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой зардал өндөр гарч байна. Мөн татвар олон байна. Татварын шинэчлэлийг хийх тийм хэцүү биш. Гол нь энэ талын буюу гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой бодлогоо оновчтой бөгөөд тодорхой болгох нь чухал байна. Ингэвэл хөрөнгө оруулалт аяндаа, хот, хөдөөгүй орж ирнэ. Энд хувийн хэвшлийн орон зай чухал. Бодлого тодорхой бол хувийн хэвшил өөрөө хийж чадна.


-Өнөөдрийн байдлаар 2017 оны эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтын таатай үеийг бодвол Монгол Улсад Оюутолгойгоос өөр томоохон хөрөнгө оруулалт алга байна гэдгийг дээр дооргүй ярьж ирлээ. Энэ тал дээр танай ажлын хэсэг юу гэж зөвлөж байна?

-Шууд хэлэхэд, Монголд хоёр дахь Оюутолгой хэрэгтэй байна. Ингэхийн тулд хайгуул хийх их хэрэгтэй. Гэвч амьдрал дээр хайгуулын зөвшөөрөл, лиценз дутмаг байна. Төр, засаг үүнд анхаарч ажиллах байх хэмээн найдаж байна.

Гадаад, дотоодын хөрөнгө оруулалт дээр хувийн хэвшил өөрсдөө хөрөнгөө оруулаад эрсдэлээ хүлээгээд яваг. Эсвэл хөрөнгийн зах зээл дээр гараад хөрөнгө босгоод хөрөнгө оруулалтаа хийгээд явах боломжтой. Оюутолгойн хувьд хөрөнгө оруулалтын гэрээнд улс төрчид нөлөөлсөөр ирсэн. Тэгэх тутамд гэрээ өөрчлөгдсөөр ирсэн. Энд улс төрийн бус эдий засгийн шийдэл хэрэгтэй. 

Холбоотой мэдээ