ЗАВХАН: Ногоон нуураас ховор загасыг харж болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Идэр сумын нутагт орших Ногоон нуурыг зорих гэж буй аялагчид байгалийн нам гүмийг мэдэрч, олон төрлийн загас харж болно.
Идэр голын зүүн талд байрлах, далайн түвшнээс дээш 2200
гаруй м-ийн өндөрт байрлалтай, Хангайн голуудын тархи гэдэг үзэсгэлэнт
Ногоон нуур нь Завхан аймгийн Идэр сумын Дархан уул багийн нутагт оршино.
Сумын төвөөс 20 км-ийн зайтай. Нуурын ус эргэн тойрныхоо эргээс дотогш 5-8 м орчмын зайд тунгалаг, үүнээс цааш гүн ногоон өнгөөр тунарах бөгөөд эргээ даган сэлэх хайрус, линок, тул зэрэг загасыг өндөр эрэг дээрээс нь харж болно.
Овоот хэмээх эрдэнэстэй уулын туяа энэхүү нууранд тусаж, эрдэнийн өнгөөр солонгордог болсон гэх домог бий.
Нуурын эргээс байнгын ус ундарч, усны түвшнээ хадгалдаг,
нуураас жижиг цутгал урсан гарч Идэр голд нийлдэг байна.
Ногоон нуурыг шинэсэн ой, хар мод, бургасан ой хүрээлнэ. Зэгс, дэгд, хонхон цэцэг, цагаан уул зэрэг 20 гаруй төрлийн цэцэг, эмийн ургамал ургаж, хун, нугас, галуу зэрэг 10-аад төрлийн шувууд нүүдэллэн ирдэг.
Буга согоо, чоно, туулай зэрэг хангайн амьтад нутаглаж, хаа нэг зэрлэг гахай тааралдах нь бий. Мөн Ногоон нуурыг үзэнгээ Тахилтын хүрхрээг аялагчид үзэж болно.
Тахилтын хүрхрээ нь Идэр сумын төвөөс зүүн урд зүгт 35 км-ийн зайд оршдог. Хангайн уулсын орой дундаас эрчлэн олгойдох Тахилтын хүрхрээ нь 10 м гүнтэй, 5 м-ийн уналтай ба Жаргалантын гол, Халуун ус, Цагаан гол, Гялгарын нуур зэрэг өндөр уул нуруудаас эх аван, тал талаасаа урсах голуудтай нийлж Идэр голд цутгана. Хүрхрээг тойрон жимст ой, хангайн нуга бүрхэх учраас эргэн тойрон сэтгэл татам үзэсгэлэнтэй харагдана.
Ногоон нуурын хавар
Ногоон нуурын намар. Монгол уран сайхны кино зургийг энд авчээ
Ногоон нуур борооны өмнө
Ногоон нуур. Намар
Идэр сум, Тахилтын хүрхрээ
Гэрэл зургуудыг: Х.Эрдэнэбулган