НББХ: Байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасанг сонгохыг дэмжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2024-07-09 16:26:16

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдаанаар тус хорооны даргад УИХ-ын гишүүн Л.Энхнасанг нэр дүвшүүлж байгааг УИХ-ын гишүүн П.Ганзориг танилцууллаа.


Нэр дэвшигч Л.Энхнасангаас УИХ-ын гишүүн С.Зулпхар, С.Эрдэнэбат нар хүн амын бүлгүүдийн хөгжил, хамгааллын талаарх туршлага, жирийн ажилчид, нийгмийн сонирхогч бүлгүүдийн эрх ашгийн тэнцлийг хэрхэн хангах, өмнө хийсэн бодлогыг үргэлжлүүлэх, сайжруулах, засах ямар ажил хийхийг асууж лавлав.


УИХ-ын гишүүн Ц.Баатархүү, С.Эрдэнэбат, Ж.Чинбүрэн, С.Зулпхар, Ж.Баярмаа, Д.Үүрийнтуяа, Б.Бейсен нар үг хэлж, нийгмийн даатгалын шинэчлэл, хувийн тэтгэвэр сан бий болгох, нийгмийн салбарын гүйцэтгэлийг бодитой үнэлэх, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний хүртээмжийг нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихдээ ажлын байрны тоогоор бус чанараар илэрхийлэх, төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийн шалгуур үзүүлэлтэд нийгмийн үнэлгээг оруулах, эрүүл мэндийн салбарт анхаарах, Байнгын хороо, намын үйл ажиллагааг ялгаж, нийгмийн салбарын бодлого, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд Байнгын хорооны гишүүдийн мэдлэг, туршлага, ур чадварыг бүрэн дайчлах талаар ярив. Мөн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, даатгалын тогтолцооны шинэчлэлтийг гүнзгийрүүлэх, нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийг уялдуулах, бодлогын залгамж чанарыг хадгалах, хавтгайрсан халамжийг цэгцлэх, хөдөлмөрийн зах зээлийг либералчлах, мэдрэмжтэй ажиллаж, намд гэхээс илүү Байнгын хорооны гишүүдийн дадлага туршлага, хүчинд найдах, УИХ-аас баталсан хууль тогтоомж нийгмийн хамгааллын бодлогын мэдрэмжтэй эсэхэд хяналт тавих нь зүйтэй гэсэн санал, зөвлөмжийг хэлж байв.


УИХ-ын гишүүн Л.Энхнасанг Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгохыг хуралдаанд оролцсон гишүүдийн 83 хувь нь дэмжиж, УИХ-ын анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар шийдүүлэхээр болсныг УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Холбоотой мэдээ