УИХ-ын зарим Байнгын хорооны дарга нарыг сонгов
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 9 /МОНЦАМЭ/. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаанаар зарим Байнгын хорооны дарга нарыг сонгов.
УИХ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д заасны дагуу УИХ 11 Байнгын хороотой ажиллана. УИХ-ын зарим Байнгын хороо хуралдаж, даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаарх Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Батбаяр, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аубакир, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Ёс зүй, дэгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ариунзаяа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин, Нийгмийн бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Болормаа, Инновац, цахим бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Соронзонболд нар нэгдсэн хуралдаанд танилцуулав. Ингээд Байнгын хорооны даргад нэр дэвшигч тус бүрээр санал хураахад анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.
1.Аж
үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар;
2.Байгаль орчин,
хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Бейсен;
3.Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ч.Ундрам;
4.Ёс зүй, дэгийн
байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баярбаатар;
5.Инновац, цахим
бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын Ж.Золжаргал;
6.Нийгмийн
бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энхнасан;
7.Эдийн засгийн
байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Р.Сэддорж нар анхдугаар чуулганы нэгдсэн
хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар тус тус сонгогдов.
Иймээс энэ
талаарх УИХ-ын тогтоолын төслийг баталсанд тооцож, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан
“Зарим Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай” тогтоолын эцсийн найруулгыг
нэгдсэн хуралдаанд танилцууллаа.
УИХ-ын тогтоолын
төслийг баталлаа
Дараа нь “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж,
Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын О.Номинчимэг танилцуулав.
Тогтоолын төсөлд “Журам батлах тухай” УИХ-ын 2020 оны 50 дугаар
тогтоолын үндэслэх хэсгийн болон
тус тогтоолын хавсралтаар баталсан “Монгол Улсын Засгийн газрын гишүүний тангараг
өргөх журам”-ын 1 дэх
заалтын “31 дүгээр” гэснийг “27 дугаар” гэж, мөн журмын 10 дахь заалтын
“Засгийн газрын гишүүн тангаргийг хамтаар буюу ганцаар өргөж болох бөгөөд
хамтаар өргөхөд Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд заасан дарааллын
дагуу тангаргийг ээлжээр уншина” гэснийг “Засгийн газрын гишүүн тангаргийг
хамтаар өргөх бөгөөд насаар хамгийн ахмад гишүүн тангаргийг уншиж
бусад гишүүд давтан хэлнэ. Засгийн
газрын гишүүн нөхөн томилогдсон тохиолдолд тангаргийг ганцаар өргөж
болно” гэж өөрчилж, энэ оны
7 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тусгасан
байв.
УИХ-ын Төрийн
байгуулалтын байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа тогтоолын төслийг хэлэлцэн,
энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Номинчимэг
танилцуулсан. Тус Байнгын хороо “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах
тухай" УИХ-ын тогтоолын төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон
гишүүдийн олонх дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж,
батлуулах нь зүйтэй гэж санал, дүгнэлтэд дурдсан байв. Байнгын хороо төслийг
батлах санал хураалт явуулахад хураалтад оролцсон гишүүдийн 67.3 хувь нь
дэмжсэн тул төслийг баталж, УИХ-ын дарга “Тогтоолын
хавсралтад өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын эцсийн найруулгын уншиж, танилцууллаа. Үүгээр үдээс
өмнөх чуулганы хуралдаан завсарласныг
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.