БУЛГАН: Хутаг-Өндөр сумыг Алтан гадас одонгоор шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-10 13:00:02

Булган, 2024 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн Улсын тэргүүний Хутаг-Өндөр сумыг төрийн дээд Алтангадас одонгоор шагналаа.


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Булган аймгийн Хутаг-Өндөр сум 2022 оны тавдугаар сарын 22-нд "Улсын тэргүүний сум"-ын батламжаа гардан авсан бол 2024 оны Үндэсний их баяр наадмын босгон дээр сум үүсгэн байгуулсны түүхт 100 жилийн ойгоороо төрийн дээд одонгоор шагнуулж байна.


Хутаг-Өндөр сум бол байгалийн үзэсгэлэн, түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай, аялал жуулчлал хөгжсөн, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг, мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлсэн манай улсын цөөхөн сумдын нэг юм. 


Ардын Хатанбаатар Магсаржав, БНМАУ-ын ууган Хөдөлмөрийн баатар уурхайчин Дамдины Даваажав, анхны ногоочин Хөдөлмөрийн баатар Сономын Бадамсүрэн, ууган Хөдөлмөрийн баатар барилгачин Дашжамцын Базаргүр, Хөдөлмөрийн баатар хоньчин Суурийн Цэрэндорж, Монгол Улсын анхны Төрийн соёрхолт найруулагч, УГЗ Намнангийн Наранбаатар, БНМАУ-ын ууган Хөдөлмөрийн баатар тариаланч Гомбосүрэнгийн Дэмбэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнэ нарын 100 шахам ардын болон гавьяат цолтон тус сумаас төрөн гарсан билээ.


Тус сумыг 1924 онд байгуулсан, 3400 хавтгай дөрвөлжин км газар нутагтай,  40,2 хувь нь бэлчээр, 38,0 хувь нь ой мод, 7,7 хувь нь гол мөрөн, нуур цөөрөм, 10,8 хувь нь хадлангийн талбай, 3,7 хувийг тариалангийн талбай эзэлдэг.

5060 гаруй хүн амтай, 279 мянган толгой малтай, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлийн үйлдвэрлэл хөгжсөн. Уран тогоо, Намнан, Хантай, Гурван борхууд, Бэрх зэрэг байгалийн үзэсгэлэнт газар, Сэлэнгэ, Эг, Хануй, Тээл, Төлбөр, Алтаад зэрэг томоохон гол мөрөнтэй.


Ардын Хатанбаатар Магсаржавын өлгий нутаг бөгөөд түүх дурсгалын газар их. Олноо өргөгдсөний 8 дугаар он буюу 1918 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Сайн ноён хан аймгийн Хатанбаатар Дархан чин вангийн хошууг Сайн ноён Хан аймгийн Гаанжууржав түшээ гүний хошуунаас таслан байгуулсан түүхтэй.


Хошууны хил хязгаар нь: Зүүн урд талаар - Хайлантайн овоо, Түлбэрийн овоо, Урд талаар - Хардахын овоо, Баян сэрхийн овоо, Шандын овоо, Баруун талаар - Хөвсгөлийн нуруу, Хойд талаар - Баян, Их хар мод Бэрх, Тархийн овоогоор савлаж байсан гэж түүхэнд бичсэн байдаг.


Эртний улсуудын нэг болох Уйгурын хаант улсын үетэй холбогдох Бий булгийн туурь Тээл багийн нутагт бий.

Газар зүйн тогтцын хувьд уулархаг юм.


Хутаг-Өндөр сум нь засаг захиргааны анхан шатны нэгж 5 багтай бөгөөд Улаанбаатар хотоос хойгуураа 600 км, урдуураа 468 км, аймгийн төвөөс 150 км алслагдсан.







Холбоотой мэдээ