Грекчүүд дүрвэгч хүүхдүүдийг сургуульд сургаж байгааг эсэргүүцэв

Дэлхийд | Боловсрол
dorjkhand@montsame.mn
2016-10-11 11:44:09

АФИН. /ВВС/. Грек дэх дүрвэгч хүүхдүүдэд зориулсан хичээлийн шинэ жилийн эхний өдөр эсэргүүцлийн жагсаал болжээ. 

Салоники хотоос хойд зүгт орших Профитис тосгонд дүрвэгч хүүхдүүд суралцах сургуулийн гадаа өчигдөр Грекийн төрийн далбаа барьсан цөөн тооны эцэг эхчүүд цуглан эсэргүүцлээ илэрхийлсэн байна. Тус улсын засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 1500 орчим дүрвэгч хүүхэд энэ сургуульд сурч байгаа аж.

100 орчим цагдаа ирснээр “гайхаж сандарсан” царайтай дүрвэгч хүүхдүүдийг сургуулиас гаргажээ.

“Манай хүүхдүүд хүчирхийлэлд өртвөл хэн хариуцлага хүлээх юм бэ?” гэж дүрвэгч хүүхдүүдийг сургаж байгааг эсэргүүцэж буй нэгэн грек залуу ярьжээ.

Эсэргүүцлийн жагсаалтай холбогдуулан Грекийн Боловсролын сайд Никос Филис хэлэхдээ “дүрвэгч хүүхдүүдийг сургахыг эсэргүүцэж байгаа нь тэднийг тусгаарлаж, ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг” гэв.

Эдгээр 1500 хүүхэд бол дүрвэгч болон цагаачдын хүүхдүүдэд боловсрол эзэмшүүлэх үндэсний хөтөлбөрт хамрагдаж буй хүүхдүүдийн нэг хэсэг юм. Тэднийг даваа гарагаас 20 сургуульд хуваарилан явуулж эхэлжээ.

Грек хүүхдүүдийн хичээл тарсны дараа дүрвэгч хүүхдүүдэд зориулан өдөрт дөрвөн цагийн хичээл орж байна. Тэдэнд хэд хэдэн хичээл, тухайлбал грек хэл заах аж.

Энэ төслийг мөн дүрвэгч болон цагаачдын зургаан хуаранд хэрэгжүүлж байна.

НҮБ-ын Дүрвэгчдийн хэрэг эрхлэх агентлагийн мэдэгдсэнээр, энэ он гарснаас хойш 160 мянга гаруй хүн Газар Дундын тэнгисийг гатлан Грект очжээ. Тэдний 28 хувь нь хүүхдүүд юм.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ