Жеффри Сакс: Монгол Улс олон улсын төсөл, хөтөлбөрийн эдийн засгийн үр ашигтай боломжийг ашиглах хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2024-07-15 16:52:31

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар АНУ-ын Колумбын Их сургуулийн профессор Жеффри Сакс манай улсад ирээд байна.


Тогтвортой хөгжлийн тэргүүлэх эрдэмтний нэг тэрээр уг асуудлаар Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар болон МУИС-д хүндэт зочноор өнөөдөр уригдан хөгжлийн талаар лекц уншиж, хэлэлцүүлэг өрнүүлэв. МУИС-д болсон дугуй ширээний уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, МУИС хамтран зохион байгуулж, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн дунд тал талын сонирхсон асуудлаар тодорхой сэдвээр нээлттэй хийлээ.


Уулзалтад профессор Жеффри Сакс Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дээр төвлөрөн ярив. Мөн БНХАУ-аас санаачлан дэвшүүлэн тавьсан “Бүс ба зам”, ОХУ, БНХАУ-ын холбосон Эдийн засгийн коридор зэрэг хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийг хөндсөн юм.




Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт дээр тэрээр Монгол Улсыг Бүс нутгийн хороотой илүү гүнзгий ажиллахыг зөвлөлөө. Ялангуяа БНХАУ, ОХУ гэсэн хөрш, бүс нутгийн хамтын ажиллагаатай орнуудтай, эдийн засгийн томоохон төслүүдэд илүү, идэвхтэй оролцохыг хэлж байлаа. Олон улсын төсөл, хөтөлбөр дээр Монгол Улс эдийн засгийн үр ашигтай байх тал дээр гарч ирж буй болон байгаа боломжуудыг ашиглахыг хэлсэн юм. Ингэхдээ, тодорхой төлөвлөж авах арга хэмжээг мөн нарийн тодорхойлж гаргах хэрэгтэй байна гэв.


Монгол Улс дэлхийн хоёр том эдийн засаг болох ОХУ, БНХАУ-тай хөрш, энэ бүс нутаг дахь худалдааны сонирхол дунд оршдог. ОХУ-аас Хятад руу түүхий эд экспортолж байхад БНХАУ-д өндөр технологи нь хөгжиж буй аль алины сонирхлын дунд дээрх хоёр орны худалдаа цаашид улам идэвхжинэ. Үүнд Монгол Улс ямар үүрэгтэй оролцох вэ гэдгийг хөндлөө.



БНХАУ-аас санаачлан дэвшүүлэн тавьсан “Бүс ба зам” төсөлд зөвлөхөөр оролцож байсны хувьд тэрээр хэлэхдээ, БНХАУ, ОХУ-ыг холбосон Эдийн засгийн коридорт Монгол Улс оролцож хамтрах ёстой. Ингэж байж Монгол Улс эдийн засгийн интеграц, түншлэлд орно. Энэ нь Монголд илүү ач холбогдолтой байна. Тиймээс энэ талын хөгжлийн урт хугацааны, нарийн, тодорхой, цаг хугацаа, хэмжигдэхүйц үр дүнтэй байх бодлогоо төлөвлөх чухал байгааг онцлон хэллээ. Ийм боломж байна. Үүнийг яаж ашиглах вэ гэдэг дээр анхаарч ажиллахыг зөвлөсөн юм


Монгол Улс байгаль орчин дээр сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглаж, ХАА-г байгаль орчинд ээлтэй, зөв тогтвортой хөгжүүлэх хэрэгтэй байна.



Профессор Жеффри Саксын хөндсөн гурав дахь гол асуудал нь дэлхий нийтийг хамарч буй эрчим хүчний шилжилтийн сэдэв байлаа. Тэрээр Монгол Улсыг эрчим хүчний өртөг зардал бага, хэмнэлттэй технологи хэрэглэх тал дээр зөвлөлөө. Тухайлбал, хот төлөвлөлт дээр шинэ барилга барихад эрчим хүчний хэмнэлттэй байх. Хуучин барилгуудын хувьд дулааны алдагдлыг бууруулахад анхаарах учиртай гэсэн санааг хэлсэн юм.




Дэлхийн эдийн засгийн шилжилт дээр Монгол Улс БНХАУ руу эрчим хүч экспортлох боломж бий. Ингэхдээ харин хаагуур, аль бүс нутгаар, ямар үнэ өртөгөөр, хэдий хэмжээний эрчим хүчийг яаж гаргах талаар БНХАУ-ын талтай нарийн урьдчилан ярилцах хэрэгтэй гэв. Учир нь шилжилт гэдгийн цаана шинэ шинэ технологи, технологийн өөрчлөлт явагдаж, үйлдвэрлэл-хэрэглээний өртөг зардал яригдаж буйг анхааралдаа авч, хэрэгцээ байгаа гээд яриад байх бус, бусад улс оронтой хамт, хоцрохгүйгээр бодитой хамтарч явахыг зөвлөлөө.



Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн зөлөх Ч.Лодойравсал нар, ЭЗХЯ, БОАЖЯ, ШУА, МУИС, Монголбанк, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах Монгол Улсын нэгж, байгууллага, ТоС зэрэг судалгаа, шинжилгээний байгууллагуудын төлөөлөл, эрдэмтэн судлаач, залуучууд оролцлоо. 



Холбоотой мэдээ