СЭЛЭНГЭ: Ээж мод

ӨВ СОЁЛ
otgontsetseg@montsame.mn
2024-07-18 16:14:46

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрын нэг болох “Дэвсэг ээж" буюу Ээж мод Сэлэнгэ аймгийн Шаамар сумын нутагт байдаг.

 

Аймгийн төв Сүхбаатар хотоос баруун зүгт 12 км-ийн зайд, далайн түвшнээс дээш 720 м-ийн өндөрт, Шаамар сумын Дэлгэрхаан багийн нутаг 34 дүгээр зөрлөгийн хойд элсэн мөргөц дээр оршдог.

 

Энэ мод нь 18 метр урттай, 1 метрийн голчтой холтосгүй хөх өнгөтэй, 100 салаа мөчиртэй. “Дэвсэг ээж мод”, “Удган ээж  мод” гэж алдаршин байгалийн гайхамшигт бүтээл болж, олон зуун жил бөө удганы үеэс үе дамжин ард түмэн шүтэн биширч ирсэн тахилгатай мод юм.

 

Ээж модонд жил бүрийн ханш нээх өдөр тахилга үйлдэх нь байгаль эхээ бишрэн шүтэх, хүслээ даатгах, ёс заншил, зан үйлийг гүйцэтгэж буй бөгөөд хүн ард нь өвчин зовлонгүй, байгаль дэлхийн хур ус цагтаа бууж, мал сүрэг нь тавлаг байх учиртай хэмээн даатган залбирдаг жамтай.

 

ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс, Монголын тахилгат газар нутгийн судалгаа мэдээллийн төвөөс гаргасан  “Монголын тахилга шүтлэгт газар нутаг” номд "Сэлэнгэ аймгийн Шаамар сумын төвөөс хойд зүгт байрлах Ээж мод нь 800-гаад жилийн өмнөөс тахиж байсан түүхтэй" хэмээн бичсэн байдаг.

 

Эдүгээ нутгийн уугуул иргэд, оршин суугчид үе дамжин тахиж буй “Ээж мод” нь өдрийн цагт үндсээрээ таван голтой, шөнийн цагт мөчрөөрөө тэнгэрийн гурван марал одтой харилцдаг” хэмээн түүхийн сурвалжид дурдсан байдгийг Сэлэнгэ аймгийн Нийтийн номын сангийн архивт бичиж үлдээсэн байна.

 

Холбоотой мэдээ