БУЛГАН: Хишиг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль түүхт 100 жилийн ойгоо тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-22 11:38:06

Булган, 2024 оны долоодугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Шинэ цагийн боловсролын хөгжилд нэгэн зууны түүхийг бүтээсэн Булган аймгийн Хишиг-Өндөр сумын эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль 100 жилээ тэмдэглэх гэж байна.

           

Тус сургууль 1924 оны 9 дүгээр сарын 15-нд “Тэнхимийн бага сургууль” нэртэй байгуулагдаж, 1950 онд 7 жилийн бүрэн бус дунд сургууль, 1967 онд 8 жилийн сургууль, 1977 онд бүрэн дунд сургууль, 1994 онд эрдэмтэн зохиолч Ш.Гаадамбын нэрэмжит,  2013 онд “ Үндэсний лаборатори сургууль” хэмээн нэрлэгдэж ирсэн.


Түүхэн 100 жилийнхээ хугацаанд 4500 гаруй суралцагчдад бүрэн дунд боловсрол олгосноос Монгол, ЗХУ–ын баатар сансрын нисгэгч 1, Ардын цолтон 3, гавьяатууд, бригадын генерал 1, Төрийн шагналтан, эрдэмтэн докторууд, дэлхийн хэмжээний нэртэй тэшүүрчид 4,  улс төрийн зүтгэлтэн 4,  УИХ-ын дарга, улсын сайн болон аварга малчид  олныг төрүүлсэн байна.


Хишиг-Өндөрийн сургууль 1960 оноос эхлэн Монголын боловсролын түүхэнд онцгой ач холбогдолтой арга туршлага бүхий “Тайлбартай дасгалын арга”-ыг бий болгон хөгжүүлж, 11 ангийн 350 гаруй суралцагч анги хамт олноороо улсын монгол хэлний олимпиадаас эхний байрууд, хувийн амжилтаар 9 сурагч тэргүүлсэн байна. Сургалтад уг аргыг хэрэглэж Монгол Улсын гавьяат багш 20 төрсөн аж.


Мөн тэшүүрийн спортыг 60 гаруй жил тогтвортой хөгжүүлж, тэшүүрийн алдартны өлгий нутаг хэмээн өргөмжлөгдөж ирсэн.


Арвин баялаг түүхтэй сургуулийнхаа 100 жилийн ойн босгон дээр багш, ажилтнууд, сурагчид, төгсөгчид чамгүй их бэлдсэн бөгөөд өнөөдрөөс төгсөгчдөө хүлээн авч, анхны тэмцээнээ явуулж буйг сургуулийн захирал, магистр, зөвлөх Ч.Алимаа багш ярилаа.


100 жилийн ойн үйл ажиллагаа долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд болох бөгөөд 1000 гаруй төгсөгч, зочид төлөөлөгчид ирэх юм.  










Холбоотой мэдээ