Японы томоохон бизнес эрхлэгчдийг Оросын хилээр нэвтрэхийг хоригложээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2024-07-24 15:35:30

МОСКВА, 2024 оны долоодугаар сарын 24 /Kyodo/. Украин руу довтолсонтой холбогдуулан Оросын эсрэг Японы талаас авсан хориг арга хэмжээний хариуд Тоёота Мотор корпорацын ТУЗ-ын дарга Тойода Акио тэргүүтэй томоохон бизнес эрхлэгч голдуу Японы 12 иргэнийг тодорхойгүй хугацаагаар хилээр нэвтрүүлэхгүй гэж Оросын тал мягмар гарагт мэдэгджээ.


ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, хилээр нэвтрэхийг хориглосон хүмүүсийн жагсаалтад Rakuten Group Inc-ийн гүйцэтгэх захирал Микитани Хироши, Toray Industries Inc-ийн ерөнхийлөгч Охя Мицүо зэрэг хүмүүс багтсан байна. Түүнчлэн Японы Олон улсын хамтын ажиллагааны агентлагийн тэргүүн Танака Акихико эл жагсаалтад оржээ.


Өмнө нь Ерөнхий сайд Кишида Фүмио, Засгийн газрын сайд нар болон бусад хууль тогтоогчид, хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээний байгууллагын ажилтнуудын эсрэг ийм арга хэмжээ аваад байсан юм. Тэгвэл дээр дурдсан Японы 13 иргэнийг ямар шалтгаанаар уг жагсаалтад оруулсан тухайд ОХУ-ын Гадаад хэргийн яам тодорхой тайлбар өгсөнгүй.


Лхагва гарагт Токио хотноо Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Хаяши Ёшимаса мэдэгдэхдээ, Оросын хийж буй алхам нь дотоодын компаниудын хууль ёсны үйл ажиллагааг хязгаарлаж болзошгүй тул хүлээн зөвшөөрөх аргагүй гэсэн байна


Японы Засгийн газар Оросын энэ алхмыг эсэргүүцэж байгаагаа илэрхийлснийг тэрбээр дурдаад, Япон улс өөрийн иргэд болон компаниудын үйл ажиллагааг үргэлжлүүлэх нөхцлийг хангахын тулд боломжтой бүх арга хэмжээг авна гэдгийг онцолжээ.


Тоёота” компани 2007 оноос ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиний төрсөн нутаг болох Санкт-Петербург хотод автомашин үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 2022 оны хоёрдугаар сард Оросын цэрэг Украинд довтолсноос хойш үйл ажиллагаагаа зогсоогоод байгаа юм.


Оросын цэргийн ажиллагааны тухайд Т.Акио 2022 оны гуравдугаар сард хэлэхдээ “Би үүнийг эрс эсэргүүцэж байна. Дайн, мөргөлдөөн хэнд ч сайн зүйлийг авчирдаггүй” гэж байв.

 


Холбоотой мэдээ