Домогт мэргэн бууч Н.Салуквазе 10 дахь удаагаа Олимпод оролцлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-07-27 21:10:44

ПАРИС. 2024 оны долоодугаар сарын 27 /ТАСС/. Гүрж улсын буудлагын шигшээ багийн тамирчин Нино Салуквазе 10 дахь удаагаа Олимпын тоглолтод оролцсоноор эмэгтэйчүүдийн хувьд түүхэн дээд амжилтыг тогтоолоо.

 

Тэрбээр өнөөдөр эмэгтэйчүүдийн хийн гар бууны 10 м-ийн төрөлд урьдчилан шалгаруулах буудлага хийсэн байна. Түүнээс өмнө 10 удаа Олимпын наадамд оролцсон цорын ганц хүн бол Канадын морин спортын тамирчин Иан Миллар бөгөөд тэрбээр хамгийн сүүлд 2012 онд Лондоны Олимпод оролцжээ.


Өдгөө 55 настай Салуквазе 1988 оноос хойш болсон Олимпын наадмуудад тасралтгүй оролцсоор иржээ. Сөүлийн Олимпын тоглолтод тэрбээр 19 настайдаа ЗХУ-ыг төлөөлөн оролцож, спорт гар бууны 25 м-ийн зайн төрөлд алтан медаль, хийн гар бууны 10 м-ийн төрөлд мөнгөн медаль хүртэж байсан шилдэг тамирчин юм. Мөн 2008 онд Бээжинд болсон Олимпоос хийн гар бууны 10 м-ийн төрөлд хүрэл медаль хүртжээ.

 

Өнгөрсөн хугацаанд тэрбээр 6 удаа дэлхийн аварга болж байв. Ташрамд сонирхуулахад, 2016 онд Рио-де-Жанейрод болсон Олимпын наадамд Н.Салуквазе хүү Цотнэ-гийн хамт оролцсон бөгөөд энэ нь ээж, хүү хоёр хамтдаа Олимпод оролцсон түүхэн дэх анхны тохиолдол юм.

Холбоотой мэдээ