Сумогийн 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 дахиа түрүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-29 11:53:31

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумогийн Нагоя башё өндөрлөж, 73 дахь аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ арав дахиа түрүүллээ.


Башё эхлэхээс өмнө Ёкозүнагийн зөвлөлөөс Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг тун анхааралтай ажиглаж байгаагаа хэлж байсан. Бэртлийн улмаас хоёр ч башё дараалан бүтэн барилдаж чадаагүй тэрбээр энэ удаа аваргын зангараг харуулсныг Ёкозүнагийн зөвлөл сайшаав.  Тэр эхний арван өдөр нэг ч унаагүй. Харин башёгийн төгсгөлд гурван удаа өвдөг шороодсон ч нэмэлт барилдаанд Таканошог давснаар түрүүлэх болзлоо хангасан юм.


12 даваа, гурван унаатай түрүүлсэн Тэрүнофүжи, “Миний хийх ёстой зүйл өөрчлөгдөхгүй. Хамгийн чухал нь чаддаг зүйлсээ л хийх явдал. Түрүүлэхэд хангалттай бэлэн байсандаа баяртай байна. Би ийм нөхцөл байдалд олон удаа орж байсан учир асуудалгүй. Би өмнө нь Нагоя хотод түрүүлж байгаагүй. Анх удаа түрүүлж чадлаа. Намайг олон жил дэмжиж буй дэмжигчдэдээ сайхан үр дүн харуулахыг зорилоо. Хамгийн сайн барилдаанаа үзүүлж, түрүүлэх хэмжээний байгаадаа баяртай байна” гэв.


Тэгвэл сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн озэки цолоо эргүүлэн авах боломжоо алдаж, найман даваатай башёг өндөрлүүлсэн бол озэки Хоошёорюү С.Бямбасүрэн ес, маэгашира Тамаваши Б.Мөнх-Оргил долоо, Чиёошома Г.Мөнхсайхан тав, Рога А.Амарсанаа ес, Оошёома П.Дэлгэрбаяр долоон даваатай башёг дуусгалаа.


Харин жюүрёо зиндаанд Онокацү Б.Чойжилсүрэн ес, Дайшохо Ч.Шижирбаяр тав, Миторюү Б.Төрболд зургаа, Тамашохо Э.Энхманлай есөн даваатайгаар тэмцээнээ өндөрлүүлэв.


Үүнээс гадна Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Г.Өсөхбаярын хүү, мэргэжлийн сумогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргалын шавь Сэйхакүхо Ө.Дэмиджамц долоон даваатай жонидан зиндаанд түрүүллээ. Түүний хувьд өнгөрсөн гуравдугаар сарын башёд мэргэжлийн сумод анхны барилдаанаа хийсэн юм. 



Холбоотой мэдээ