Ю.Клопп дасгалжуулагчаар ажиллах эсэхдээ эргэлзсээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-01 11:02:12

МОСКВА, 2024 оны наймдугаар сарын 1 /РИА Новости/. Өнгөрсөн улирлын сүүлчээр Английн “Ливерпүүл” клубээс явсан Германы дасгалжуулагч Юрген Клоп ойрын үед дасгалжуулагчийн ажилдаа эргэн орно гэдэгтээ эргэлзэж байна.


“Өнөөдөр миний хувьд бүх зүйл дууссан мэт санагдаж байна. Адайр зөрүүд зан гаргаад би явах гэж байгаа хэрэг биш ээ. Энэ бол тал бүрээс нь тунгаан гаргасан шийдвэр юм. Теннис тоглож, ач зээ нартайгаа цагийг өнгөрүүлнэ гэхэд миний нас хэтэрхий залуу байна. Би дахиад дасгалжуулагчаар ажиллана гэдэгтээ нэг л итгэлгүй байгаа. Хэдэн сарын дараа юу болохыг харъя. Одоохондоо төлөвлөсөн зүйл огт алга. Гэхдээ би хөл бөмбөгийн салбарт ажиллах, өөрийн туршлага ба хэлхээ холбоог ашиглан бусдад туслахыг хүсэж байна” гэж өдгөө 57 настай Клопп Германы хөл бөмбөгийн дасгалжуулагчдын холбооны хуралд оролцох үеэрээ ярьжээ.  


“Ливерпүүл”-ээс явсных нь дараа түүнийг Английн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллана гэж таамаглаж байсан юм. Мөн АНУ-ын Хөл бөмбөгийн холбооноос /USSF/ 2026 оны ДАШТ-нд бэлтгэж буй тус улсын үндэсний шигшээ багийг дасгалжуулахыг хүссэн урилгыг Клоппт ирүүлсэн боловч тэрбээр татгалзсан хариу өгчээ.   


Юрген Клопп 2015 оны 10 дугаар сараас 2024 оны тавдугаар сар хүртэл “Ливерпүүл”-ийг дасгалжуулах хугацаанд тус клуб Аваргуудын лиг, Английн аварга шалгаруулах тэмцээн, клубүүдийн ДАШТ, Английн цом, Английн лигийн цом, УЕФА-гийн цом зэрэг тэмцээнүүдэд түрүүлсэн билээ.  

Холбоотой мэдээ