ДАРХАН-УУЛ: Үер, усны аюулаас урьдчилсан сэргийлэхийг зөвлөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-08-02 16:36:05

Дархан, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Үргэлжлэн орж буй борооноос үүдэн гол, мөрний түвшин нэмэгдэх, үерлэж болзошгүй байдал үүссэн тул цаг үеийн байдалтай холбогдуулан аймгийн Онцгой комисс, Шуурхай штабын хурал боллоо.


Одоогоор борооны улмаас эрсдэлтэй нөхцөл үүсэж, нүүлгэн шилжүүлэлт, үерийн далан сэтэрсэн дуудлага бүтгэгдээгүй ч урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллахыг мэргэжлийн байгууллагуудад Шуурхай штабын дарга үүрэг болгов.




Ирэх амралтын өдрүүд хүртэл бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул  хот доторх үерийн далан шуудуу, эрсдэл үүсэж болох автозамуудад үзлэг шалгалтыг цаг тухай бүрт хийж, үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй айл өрхөд сэрэмжлүүлэг хүргэх ажлыг эхлүүлээд байна.




Хараа голын усны түвшин өнөөдрийн байдлаар өмнөх өдрөөс 22 сантиметрээр нэмэгдсэн нь олон жилийн дунджаас 55 сантиметрээр их, үерийн түвшин давж байна гэж ОБГ-аас мэдэгдлээ.


Хүйтэн, Шарын голууд олон жилийн дунджаас 114-123 см бага түвшинд байна. Томоохон голуудын усны түвшин энэ өдрүүдэд нэмэгдэх хандлагатай байгаа тул иргэд, малчин өрхүүд, хол зам зорчиж буй иргэдийг анхаарал болгоомжтой явахыг зөвлөж байна.

Холбоотой мэдээ