СҮХБААТАР: Хатагины VI их наадам болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-08-07 15:50:06

Баруун-Урт 2024 оны наймдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хатагины VI их наадам Сүхбаатар суманд болж байна. Гурван жилд нэг удаа болдог Хатагины хар тугийг цэнгүүлэх үндсэн зорилго бүхий тус наадамд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Сүхбаатар Дорнод аймгийн Матад сумын хатагин овгийнхон болоод ОХУ, Буриад улсаас ч иргэд зорин ирж оролцдог томоохон наадам юм.  

 

Наймдугаар сарын 8-ныг хүртэл үргэлжлэх наадам "Хатагины уг сурвалж" олон улсын эрдэм шинжилгээний хурал,  "Эв нэгдлээ эрхэмлэе" Хатагинчуудын спортын наадмаар эхлэв.


 

Эрдэм шинжилгээний хуралд Монгол, Орос, Буриад, Казах, Киргиз улсын эрдэмтэд илтгэл тавилаа.

Суманд анх удаа олон улсын эрдэм шинжилгээний хурал болж буйг хуралд оролцогсод онцолсон юм. Мөн илтгэлд оролцсон зочид төлөөлөгчид их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүллээ.


 

Хатагины VI их наадмын бас нэгэн онцлох үйл явдал нь МБШТ Гандантэгчинлэг хийдийн тэргүүн хамба, монгол багш Д.Жавзандорж Сүхбаатар сумын Мөнх Эрдэнэ Номун хийдэд ард, нийтэд зориулсан сургаал айлдсан явдал байв.


 

Түүхт 100 жилийн ойгоо тэмдэглээд удаагүй байгаа Сүхбаатар сум ойг баяр наадмынхаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Сүхбаатарын одонгоор шагнуулсан бөгөөд одонгийн мялаалга наадмыг Хатагины наадамтай цуг тэмдэглэж байгаа юм. 

Холбоотой мэдээ