Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд гарын үсэг зурав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
khandmaa@montsame.gov.mn
2024-08-12 18:52:27

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 12 /МОНЦАМЭ/. Хамтарсан Засгийн газрын “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээнд өнөөдөр Монгол Ардын намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар гарын үсэг зурлаа.


Талууд Монгол Улсын хөгжлийн тулгамдсан асуудал, тулгарч байгаа сорилтыг илүү хурдан, үр дүнтэйгээр хамтран шийдвэрлэхээ илэрхийлж, 2024 оны сонгуулиар Улсын Их Хуралд суудал авсан Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг гэрээнд тусгажээ. Тухайлбал, Монгол Ардын намын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилт, Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тусгасан хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН намын мөрийн хөтөлбөрт тусгасан эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан байна. Үүний тулд,


.     Бүсчилсэн хөгжлийн бодлого


·      Хүний хөгжлийн бодлого


·      Хүний эрхийг дээдлэн засагласан бодлого


·      Эдийн засгийн бодлогыг хамтарсан Засгийн газрын тэргүүлэх чиглэл болгож, энэ хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд инновац, шинжлэх ухааны ололтод тулгуурлан, их өгөгдөлд суурилан, мэргэжлийн шинжээчдийн зөвлөмжид үндэслэн, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, иргэний нийгэм, их, дээд сургуулиудын идэвхтэй түншлэлийг бүх талаар дэмжин хамтран ажиллахаар тохирсон байна. 


Холбоотой мэдээ