Олимпын далбааг Лос-Анжелес хотод авчирлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Францын нийслэл Парис хотод болж өндөрлөсөн зуны спортын наадмын буухиа 2028 онд АНУ-ын Лос-Анжелес хотод үргэлжилнэ.
Тэгвэл Олимпын далбаа Калифорни мужийн Лос-Анжелес хотод иржээ. АНУ зуны Олимпын наадмыг тав дахь удаагаа зохион байгуулна. Америкийн гимнастикч, Олимпын 11 медалийг эх орондоо авчирсан алдарт тамирчин Симон Байлс, Лос-Анжелес хотын дарга Карен Бассын хамт Олимпын далбааг хүлээж авсан юм. Парисын зуны Олимпыг АНУ нийт 126 медальтайгаар тэргүүлсэн байдаг. Америкчууд одоогоор өвөл, зуны нийт найман Олимпыг эх орондоо зохион байгуулжээ. Тус хот дангаараа 1932, 1984 оны Олимпыг шууд дамжуулсан түүхтэй.
Лос-Анжелес хот дөрвөн сая орчим хүн амтай, Америкийн кино зах зээл, энтертайнмент шоу үйлдвэрлэлийн гол төв. Тиймээс 2028 оны зуны Олимп сонирхолтой шоу үзүүлбэрээр дүүрэн байх болов уу гэсэн хүлээлт байна. Парис дахь цэнгэлдэх хүрээлэнгээс Олимпын далбааг Холливудын од, “Биелэгдэшгүй даалгавар” цуврал кино бүтээлийн од алдарт жүжигчин Том Круз Олимпын далбааг хүлээж авсан. Тэрээр олсоор цэнгэлдэх хүрээлэнд бууж, мотоциклоор далбааг авч явсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөж, Лос-Анжелесын Олимпын наадам гайхалтай болох байх гэсэн хүлээлтийг төрүүлсэн.
Лос-Анжелесын Олимпыг 2028 оны долдугаар сарын 14-30-нд зохион байгуулахаар товложээ. Харин паралимп нь наймдугаар сарын 15-27-нд үргэлжилнэ.