ДАРХАН-УУЛ: Нэгдүгээр ангид 2394 хүүхэд элсэнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан, 2024 оны наймдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ хичээлийн жилийн нэгдүгээр ангид элсэн суралцах сурагчдын бүртгэл 8 дугаар сарын 12-ны өдөр эхэлсэн. 2024-2025 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд 2394 хүүхэд элсэн суралцах бөгөөд бүртгэлийг цахимаар буюу www.e-mongolig.mn системээр хийнэ.
Эцэг, эх, асран хамгаалагчид E-Mongolia.mn системд өөрийн бүртгэлээр нэвтэр,ч үйлчилгээ цэсээс "Боловсрол" цонхыг сонгох аж. Үүний дараа "Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлт, бүртгэл" үйлчилгээг сонгоно.
Зааврын дагуу нэвтэрснээр дэлгэцэнд таны сургуулийн насны хүүхдүүдийн мэдээлэл гарч ирэх бөгөөд сургуульд элсэх хүүхдийнхээ мэдээлэлтэй танилцаж, асуултыг зөв бөглөн үргэлжлүүлэх товч дарснаар элсэлтийн төлөв харагдана.
ЕБС-ийн тухайд энэ жил 960 хүүхдийн багтаамжтай эко сургууль, есдүгээр сургууль 320 хүүхдийн багтаамжтай өргөтгөлийг шинээр барьж ашиглалтад оруулсан. Ингэснээр хамран сургах тойрог дахь сургуулийн багтаамж нэмэгдэж, ачаалал багасах юм.
.
Мөн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хоёр настай 2029 хүүхэд шинээр элсэнэ. Хүүхдийн бүртгэлийг 8 дугаар сарын 21-ний өдөр харьяаллын дагуу зохион байгуулна гэж аймгийн БШУГ-ын дарга мэдэгдлээ.
Өнгөрсөн жил төрийн өмчийн 14 сургуульд 1486 хүүхэд нэгдүгээр ангид элсэж байсан бол энэ жил 15 сургуульд 2394 хүүхэд элсэн суралцана. Салхит өртөөнд 100 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад орсноор 2024-2025 оны хичээлийн жилд 31 цэцэрлэгт хоёр настнууд шинээр элсэх ажээ.