Бичигтийн амны хадны зураг түүхчдийн сонирхлыг татсаар

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2016-10-12 16:22:14

Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутаг Их Баян уулын Бичигтийн амны хаданд эртний хүмүүс олон зуун хүн, амьтан, тамга тэмдгийн зураг цоолборлон сийлж үлдээжээ.

Бичигтийн амны орчим хүн нутаглахад одооныхоос илүү тохиромжтой, байгаль газарзүй, цаг уурын нөхцөл бүрэлдсэн нутаг байжээ. Тиймээс энд наад зах нь хүрэл зэвсгийн үеэс буюу ойролцоогоор  Х.Т.Ө 3000  жилийн тэртээгээс дундад эртний үе буюу манай эриний 8 дугаар зууныг хүртэлх түүхийн олон үеийн туршид энэ амны хадны зургийг дахин дахин нэмж цоолборлосоор ирсэн аж. Энд хамгийн олон зурсан амьтан бол янгир, дараа нь буга орно. Тэдгээрийг ганц хоёроос авахуулаад бүхэл бүтэн сүргээр нь цоолборлосон байдаг. Янгир, бугыг анчид ганц нэгээрээ буюу хэсэг бүлгээрээ нум сумаар харван намнаж буй байдлыг үзүүлсэн сэдэвтэй зураг олон байгаа нь тэр үеийн хүний амьдралд ан агнуур хичнээн чухал байсныг харуулах чухал баримт юм.

Бугыг энд бодит байдлаар дүрслэхдээ шувуу шиг урт нарийнхан хошуутай, хээ угалз мэт олон салаа урт эвэртэй, гоёмсог урт биетэй, ихэд загварчлан харуулсан байна. Амьтныг ийнхүү дүрслэх аргыг Ази, Европын эртний урлаг судлалд “Амьтныг загварчлан дүрслэх арга” гэж нэрлэдэг бөгөөд анх хүрэл зэвсгийн үед Монгол, Төв Азийн нутагт үүсэж төмөр зэвсгийн түрүү үед Ази, Европын хээр талын бүс нутаг даяар тархжээ. Үүнээс гадна энд чоно, ирвэс, шилүүс зэрэг араатнууд аргаль, янгир, буга зэрэг амьтдыг элдэж хөөсөн, тойрч бүслээд барьж идэхийг завдан буй байдлыг дүрсэлсэн байх олонтаа. Эдгээр араатнуудыг амаа ангайж, шүдээ ярзайлгасан их догшин дүртэй зурж чадсан нь тухайн хадны зургийн урын гайхамшигтай тал гэдгийг судлаачид тэмдэглэжээ.

                                                                                                                        Б.Мөнхзул

Холбоотой мэдээ