Дэлхийн хамгийн өндөр настай хүн таалал төгсжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
МАДРИД, 2024 оны
наймдугаар сарын 21 /CNN/. Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох АНУ-д
төрсөн Мариа Браняс Морера
117 насандаа таалал төгссөнийг ар
гэрийнхэн нь олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгджээ.
Тэрбээр 117 нас 168 хоногтойдоо нас барсныг батлан Гиннесийн дээд амжилтын цахим хуудаснаас /GWR/ мэдэгдэл гаргасан байна. Талийгаач бол дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр нас зооглосон найм дахь хүн юм.
“Мариа
сүүлийн 20 жилийн турш амьдарсан Испанийн Каталони дахь асрамжийн
газарт даваа гарагт амгалан нойрссон” гэж
GWR-ийн мэдэгдэлд дурджээ.
Мягмар гарагт М.Морерагийн
ар гэрийнхэн X хуудсаар дамжуулан түүнийг нас барсан тухай
мэдээг дуулгаад, тэрбээр
өөрийн хүсэж байсанчлан унтаж байхдаа амар амгалан таалал төгслөө гэжээ.
Францын гэлэнмаа Андре 118 насандаа таалал төгссөний дараа 2023 оны нэгдүгээр сард Гиннесийн ном М.Морераг дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэсэн юм.
Тэрбээр 1907
оны гуравдугаар сарын 4-нд төрсөн бөгөөд энэ нь ах дүү Райт нар анхны хөдөлгүүрт
онгоцоор нислэг хийснээс хойш дөрөв хүрэхгүй жилийн дараа, "Титаник" хөлөг онгоцыг барих ажил эхлэхээс хоёр жилийн өмнө гэсэн үг юм.
Эцэг эх нь Испаниас АНУ-д цагаачлан ирснээс хойш нэг жилийн дараа М.Морера мэндэлжээ. Найман жилийн дараа гэр бүлээрээ нутаг буцаж, Дэлхийн I дайны үеэр Барселонд буцаж иржээ. М.Морера Испанийн иргэний дайн ба Дэлхийн II дайны хүнд бэрх үеийг туулжээ. Тэрбээр 2020 оны тавдугаар сард Ковид-19-ийн халдвар авч байсан бөгөөд уг өвчнөөс ангижирч чадсан хамгийн өндөр настай хүмүүсийн нэгд тооцогдож байлаа.
110-аас дээш настай хүмүүсийн талаарх мэдээллийг эмхэтгэдэг шинжлэх ухааны ашгийн бус байгууллага болох Геронтологийн судалгааны группийн мэдээллээр, одоо дэлхий дээр амьдарч буй хамгийн өндөр настай хүн бол 116 настай Томико Итоока гэдэг япон эмэгтэй юм. Харин дэлхийн хамгийн өндөр насалсан хүн бол Жанна Луиза Калмент гэдэг франц эмэгтэй ажээ. 1875 оны хоёрдугаар сарын 21-нд төрсөн тэрбээр 122 нас 164 хоног насалсан гэдгийг Гиннесийн номд тэмдэглэжээ.