АНУ-ын Тооллогын товчооны Олон улсын хөтөлбөрийн төвтэй хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-08-21 16:17:21

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Хүн амын тооллогын олон улсын 32 дугаар бага хурал” энэ сарын 20-22-нд Улаанбаатар хотод боллоо.


Хоёр жил тутам болдог тус хурлыг Америк, Ази, Номхон далайн орнуудын үндэсний тооллого статистикийн байгууллагын дарга нарын нийгэмлэг, Монгол Улсын Үндэсний Статистикийн Хороо, БНСУ-ын Статистикийн газар хамтран зохион байгуулав. Оролцогчид энэ удаад “Ээлжит тооллогод ашиглах шинэ технологи болон мэдээллийн эх үүсвэрүүд” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, улс, орнуудын хүн амын тооллогын зохион байгуулалт, статистик мэдээлэл боловсруулахдаа ашиглаж буй арга аргачлал, техник технологи, шинэлэг санаа, шийдлийн талаар мэдээлэл, туршлага солилцож, сорилт боломжийг хэлэлцсэн юм. Тус хуралд АНУ, БНХАУ, БНСУ, Вьетнам, Хонгконг, БНЭУ, Сингапур, Тайланд, Малдив, Филиппин, Камбож, Азербайжан, Японы статистикийн 13 байгууллагын удирдлага, төлөөлөл, АНУ-ын Минесоттагийн их сургууль, МУИС-ийн багш, судлаачид оролцжээ.



Энэ үеэр Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа АНУ-ын Тооллогын товчооны дарга Роберт Сантосоор ахлуулсан төлөөлөгчидтэй уулзав. Уулзалтаар хүн амын тооллого, жижиг нутаг дэвсгэрийн үнэлгээний аргачлалыг ажиллах хүч, өрхийн судалгааны өгөгдөлд ашиглахад АНУ-ын Тооллогын товчооноос туршлага судалж, чадавх бэхжүүлэхээс гадна тус товчооны Олон улсын хөтөлбөрийн төвтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.


Ташрамд мэдээлэхэд, Үндэсний Статистикийн Хороо нь Хүн ам, орон сууны завсрын тооллогыг 2025 онд зохион байгуулахаар төлөвлөөд байгаа билээ. 

Холбоотой мэдээ