Тапан Мишра: Монгол бол жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр үлгэр жишээ улс

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-08-22 11:20:55

УЛААНБААТАР, 2024 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Монгол Улс 2024 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан МОНЦАМЭ агентлаг НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишратай ярилцлаа.

 

-Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо "Ногоон ирээдүйн төлөө" сэдвийн хүрээнд зохион байгуулах гэж байгаа нь дэлхийн эмэгтэй удирдагчид, улстөрчид, бизнес эрхлэгчид болон нийгмийн идэвхтнүүдийн хувьд амин чухал сэдвүүдээр яриа өрнүүлэх ховорхон сайхан боломж болж байна. НҮБ-ын зүгээс чуулга уулзалтыг дэмжих чиглэлээр Монгол Улстай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?


-Бид Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг хөтөлбөрийн, зохион байгуулалтын, стратегийн, үр дүнгийн гээд бүхий л түвшинд дэмжин ажиллаж байна. Зохион байгуулалтын түвшинд гэхэд, “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 2024” нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдах бөгөөд Монгол Улсын Засгийн газар нь Гадаад харилцааны яамаар дамжуулан удирдан чиглүүлж байна. Тэдний зүгээс Монгол дахь НҮБ-д хандан чуулга уулзалтыг хамтран зохион байгуулахад оролцох хүсэлт тавьсан бөгөөд бид энэ оны эхнээс хамтран ажиллаж байна. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаар байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлт, хүнсний тогтолцоо, эдийн засаг, үйлдвэрлэл, боловсрол соёл, мөн спорт урлаг гэсэн сэдвүүдээр зургаан салбар хуралдааныг зохион байгуулна. Бид НҮБ-ын агентлагуудтай эдгээр хуралдааны зохион байгуулалт, хэлэлцүүлэгт оролцогчдыг сонгох, сэдэв бүрийн хүрээнд эмэгтэйчүүдийг чадавхжуулахад тулгамдаж буй асуудлыг үр дүнтэйгээр шийдвэрлэхэд чиглэсэн контент боловсруулах зэрэг бүхий л асуудлаар нягт хамтран ажиллаж байна.

 

Үр дүнтэй холбоотой түвшинд гэвэл, хүйсийн тэгш байдлыг хангах замаар эмэгтэйчүүдийг чадавхжуулахад чиглэсэн Тогтвортой хөгжлийн зорилт 5-ын үр дүнг онцлон чухалчлахын тулд илтгэгч болон панелист бүрийг стратегийн чиглэлээр идэвхтэйгээр татан оролцуулах, бодитой хэлэлцүүлэг зохион байгуулах замаар дэлхийн хэмжээний талбарыг бий болгохыг бид зорьж байна.  Хүйсийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн үр дүнгийн тов тодорхой мэдэгдэл, үйл ажиллагааны удирдамж чиглэлийг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гаргана гэж бид урьдчилан төсөөлж байгаа бөгөөд ингэснээр Монгол Улсыг үлгэр загвар болгох байдлаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах, бүх улс орны хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжихэд хувь нэмрээ оруулна.  


-Чуулга уулзалтаас ямар үр дүнг хүлээж байна вэ? Үр дүн ба зөвлөмжийг үйл ажиллагааны стратеги төлөвлөгөө ба үр дүнг нь хэмжиж болохуйц үйл ажиллагаанд хэрхэн тусгах боломжтой вэ?


-Мэдээж хэрэг, үр дүн нь чуулга уулзалтын дараа гарна. Гэхдээ бид форумын үр дүнг хүлээсээр байна. Хуралдаан бүрээс тов тодорхой зөвлөмж, мөн амлалт эсвэл тунхаглал гаргана гэж бид хүлээж байна. Уур амьсгалын өөрчлөлт ба байгаль орчин, хүнсний тогтолцоо, эмэгтэйчүүдийн эдийн засгийн талаар чадавхжуулах, үйлдвэрлэлийн хөгжил, спорт ба урлаг, боловсрол гээд бүхий л салбарыг хамарсан бодитой үр дүн гарах ёстой.


Мөн эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар ч тодорхой мэдэгдэл гаргах болов уу хэмээн бид хүлээж байна. Яг одоо би танд үр дүнг хэлэх боломжгүй байна, учир нь чуулга уулзалтын хуралдаануудын явцад тал талаас нягтлан хэлэлцэх ёстой. Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын дараа үр дүнг зарлана, тэр үед та надаас ярилцлага авч болно шүү.


Гол үр дүн нь гэвэл, дэлхийн хэмжээнд Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд чадавхжуулалт ба хүйсийн тэгш байдлыг хангахад эмэгтэй удирдагчдын гүйцэтгэх үүргийг зураглан тодорхойлсон тодорхой тунхаглал ба тогтоол байх болов уу хэмээн би бодож байна.

  

Энэ нь Чуулга уулзалтаар зөвшилцөн тодорхойлох тов тодорхой бөгөөд хэрэгжүүлэх боломжтой зорилтуудыг тусгаж байгаа бөгөөд эдгээр нь Бээжин +30, Нью-Йорк хотноо жил бүр хуралддаг Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын хуралдаан зэрэг олон улсын хэмжээний хэлэлцүүлгийн томоохон талбаруудын үйл ажиллагаанд тус дөхөм үзүүлэх болно. Дэлхийн эмэгтэй манлайлагчдын хэлэлцэн зөвшилцсөн тодорхой чиглэлийг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтаас гаргана. Чуулга уулзалтад НҮБ-ын төлөөлөгчид, тэдний дотор НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-ын агентлагуудын захирлууд, Словени улсын ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүд, засгийн газрын сайд нар оролцоно. Түүнчлэн нийгмийн идэвхтэнүүд, энтрепренерүүд, аж үйлдвэрийн салбарынхан, хувийн хэвшлийн төлөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын гишүүд хамтдаа цугларч, нийтийн эрх ашигт нийцсэн үр дүнг гаргахын төлөө дуу хоолойгоо хүргэх болно. 


-Жендэрийн тэгш байдал ба байгаль орчны тогтвортой байдлыг дэлхийн хэмжээнд хангахад Монгол Улсын гүйцэтгэх үүргийг та хэрхэн харж дүгнэж байна вэ?


-Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулахыг эрмэлзэж байгаагаа, түүнийг зохион байгуулах чадвартай гэдгээ илтгэн харуулснаараа эмэгтэйчүүдийн манлайллын асуудалд Монгол Улс өөрийн үүрэг амлалт, манлайлагч байр сууриа илэрхийлж байна. Эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар Монгол Улс маш эерэг байр суурьтай байгаа бөгөөд энэ талаарх шаардлагаа улам өндөрсгөхийг эрмэлзэж байна. Үүний сацуу тус улс жендэрт суурилсан хүчирхийлэл, цөлжилт, хөрсний доройтол зэрэг байгаль орчин ба уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой асуудлууд, хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн гэх мэт сорилтуудтай тулгарч байгаа нь эмэгтэйчүүдэд нөлөөлж байна.


Олон асуудал байгаа бөгөөд эдгээрээс хоёр зүйлийг бид онцолж байгаа юм: аль нь Монголд хамаатай, аль нь дэлхий дахинд хамаатай вэ? Эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхжуулалт ба жендэрийн тэгш байдлын талаарх Монголын байр суурийг дэмжиж, тус улсыг дэлхийн хэмжээнд үлгэр загвар болгохыг бид эрмэлзэж байгаа бөгөөд жендэрийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхжуулах асуудлыг урагшлуулахын тулд энэхүү хэлэлцүүлгийг илүү үр дүнд хүргэхийг эрмэлзэж байна.     

 

-Жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах тал дээр Монгол Улс чухал алхам хийж, парламентын гишүүдийн 30 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлэх ёстой гэдгийг саяхан Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд тусгалаа. Тэгэхээр жендэрийн тэгш байдалтай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэх тал дээр Монголын талын хийсэн ахиц дэвшлийг та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ? Ямар асуудлуудаар илүү их хүчин чармайлт гаргах шаардлагатай байна вэ?  


-Маш оновчтой асуулт байна. Парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн хуулийг Монголд баталсан явдалд би маш их бахархаж баярлаж байна. Өмнө нь парламентын 76 гишүүний 17,2 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж, тэдний тоо 13 байсан бол одоо шинэ хууль батлагдсанаар 30 хувь болж өслөө. Өдгөө 126 гишүүнтэй болж өргөжсөн парламент 32 эмэгтэй гишүүнтэй болсон нь 25,2 хувийг бүрдүүлж байна. Энэ тал дээр Монгол Улс үлгэр загвар болж чадна хэмээн би найдаж байна. 25,2 хувь гэдэг бол бүс нутгийн болон дэлхийн стандарт үзүүлэлтэд ойртож байна гэсэн үг, гэхдээ дараагийн сонгууль гэхэд 30 хувьд хүрч, улмаар 40 хувийн квот тогтоох аваас парламент ба засгийн газар дахь жендэрийн тэгш харьцаанд гарч буй ялгааг улам багасгах боломжтой. Энэ бол маш их итгэл найдвар төрүүлсэн, ахиц дэвшил гарч байгаагийн илрэл мөн.

 

Боловсронгуй болгон сайжруулах ёстой өөр нэг асуудал нь сонгуулийн үйл явцтай холбоотой. Саяхан болсон сонгууль нь хувь тэнцүүлсэн ба мажоритар гэсэн холимог тогтолцоогоор явагдсан тул цөөн тооны нэр дэвшигч л ард түмнээс шууд сонгогдсон. Олон хүн намуудаас сонгогдсон. Намуудыг гэхээсээ илүүтэй өөрсдийг нь төлөөлж чадах эмэгтэй манлайлагчдыг сонгохдоо Монголын иргэд итгэлтэй байхын тулд энэхүү боломжийг ашиглаасай гэж би хүсэж байна. Эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдийн нэгэн адилаар хөгжлийн асуудлыг үр дүнтэйгээр хэлэлцэх чадвартай гэсэн итгэл үнэмшлийг бий болгох нь маш чухал. Ингэснээр чухал ахиц дэвшил гарах болно.

 

Хоёрдугаарт, парламент дахь хүйсийн тэнцвэртэй бус байдалд бид анхаарлаа хандуулах ёстой. Хэдийгээр Монголын эмэгтэйчүүдийн 72 хувь нь дээд боловсрол эзэмшсэн боловч ажлын байран дахь тэгш бус байдал мэдэгдэхүйц хэмжээнд илт оршсоор байна. Хувийн хэвшлийн ба төрийн байгууллагуудад доод ба дунд түвшний албан тушаалыг эмэгтэйчүүд хашсаар байна. Байгууллагуудын пирамид бүтцийн шийдвэр гаргах дээд түвшинд эмэгтэйчүүд ажилладаг тийм тэнцвэртэй байдлыг бий болгохыг би харахыг хүсэж байна.


Өөр нэгэн чухал асуудал бол, чадавхжуулах санаачилгад эмэгтэйчүүдийг идэвхтэйгээр хамруулан оролцуулахаас гадна жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг шийдвэрлэх явдал юм. Хүүхэд байхаас эхлээд насанд хүртэл нь бие биенийгээ хүндэтгэх соёлыг эрэгтэй эмэгтэй хүмүүсийн аль алинд нь төлөвшүүлэх нь зайлшгүй чухал. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсрол эзэмших, сургууль, коллеж, их сургуульд суралцах үед, ажлын байранд шилжих үед тэгш байдлыг хангах явдлыг дэмжинэ гэсэн үг. Бага залуу наснаас нь бие биенээ хүндэтгэх, ижил боломж олгох явдлыг хөхиүлэн дэмжсэнээр бид жендэрт суурилсан хүчирхийлэл ба гадуурхалтыг арилгах тал дээр амжилт олж чадна. Бидний зорилго бол, эрэгтэй, эмэгтэй хүмүүс эрх тэгш боломжтой байж, бие биенээ харилцан хүндэтгэдэг тийм нийгмийг цогцлоон байгуулж, илүү шударга бөгөөд чадавхжсан нийгмийн бүлгийг бий болгох явдал юм.  

 

-Чуулганы гол салбар хуралдаануудын нэг бол байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо гэсэн сэдэвт хуралдаан билээ. Байгаль орчны салбарт тулгарч буй сорилт бэрхшээлийн нөлөөллийг бууруулах, тогтвортой үйл ажиллагааг дэмжих чиглэлд эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгоход НҮБ-ын зүгээс Монгол Улсад ямар дэмжлэг үзүүлэх вэ?


-Байгаль орчны сорилт гамшигт эмэгтэйчүүд илүү өртөмтгий байдаг нь ажиглагдсаар ирсэн. Нөөц хомсодсон үед тэд түлээ мод зөөх, ус авах зэрэг ажлыг голчлон хийдэг тул гамшиг сорилтын нөлөөнд нь хамгийн ихээр өртдөг. Монголд зудын гамшиг нүүрлэх үед мал сүрэг олноороо хорогдож, нийгэм, эдийн засгийн сорилтуудтай тулгардаг тул хариу арга хэмжээ авахаас илүүтэй дасан зохицоход анхаарлаа хандуулах ёстой.


Бид байгаль орчин, уур амьсгал, биологийн олон янз байдалтай холбоотой үйл ажиллагаа болон мөн гамшгийн үед авч буй хариу арга хэмжээг сайжруулахын тулд зарим зан байдал, сэтгэлгээг өөрчлөх замаар олон нийтийг, ялангуяа эмэгтэйчүүдийг чадавхжуулах ёстой. Эмэгтэйчүүд хохирогч эсвэл ашиг хүртэгч бус, харин бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үр дүнд хүрэх үйл явцуудад  эрх тэгш байдлаар оролцогч түншүүд, хувь нэмэр оруулагчид байх ёстой. НҮБ эдгээр сорилтыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн бүрэн оролцоог хангахын тулд Монголын Засгийн газар болон холбогдох талуудтай хамтран ажиллахад бэлэн байна.

 

-Цаашид жендэрийн тэгш байдлыг хангахад ямар томоохон сорилтууд тулгарч байна вэ, ямар боломжууд байна вэ? Эдгээр сорилтыг даван туулахад олон улсын хамтын ажиллагаа ямар үүрэг гүйцэтгэнэ гэж та бодож байна вэ?


-Жендэрийн тэгш байдал гэдэг бол шинэ ойлголт биш, үеийн үед анхаарлын төвд байсаар ирсэн. Бид голчлон ан агнуур, мал аж ахуй, газар тариалан эрхэлдэг малчид тариачид зонхилсон эрин үеэс илүү хотожсон суурин ертөнц рүү шилжих шатандаа явж байна. Өмнө нь биеийн хүч чадал гэдэг хамгийн үнэ цэнтэй хөрөнгө болж байсан тул эрчүүдэд гол үүрэг ногддог байсан. Түүний дараа эдийн засгийн хүч гол хөдөлгөгч хүч болсноор ихэнх эрх мэдлийг эрчүүд атгах болсон. Харин өдгөө бидний амьдарч буй мэдлэгт тулгуурлаж, цахимжсан, мэдээлэлд суурилсан ертөнцөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн амжилтад хүрэх боломж нь илүү ижил тэгш болж байна. Олон тохиолдолд эмэгтэйчүүд өөрсдийн чадвар, сэтгэл хөдлөлөө хянах чадвараараа эрэгтэйчүүдээс давуу байдаг.


Эрэгтэй, эмэгтэй хүмүүс ижил тэгш боловсрол эзэмшсэн, зарим тохиолдолд эмэгтэйчүүд илүү өндөр боловсролтой болсон энэхүү шилжилтийн эрин үед эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гүйцэтгэх үүргийг бүрэн дүүрэн тодорхойлж чадаагүй байна. Эмэгтэйчүүдийг эрчүүдтэй ижил түвшинд оролцож, эрх ямба, боломж бололцоог тэгш эдлэх боломжийг олгох таатай орчныг бүрдүүлэх тийм сэтгэлгээг бид төлөвшүүлэх шаардлагатай байна.


Цахимжсан, мэдлэг мэдээлэлд суурилсан энэхүү шинэ ертөнцөд бид бага наснаас буюу сургууль, коллеж, цаашлаад ажлын байран дээрээ чадавхжуулах орчныг бүрдүүлж эхлэх ёстой. Ингэснээр эрэгтэй, эмэгтэй хүмүүс өөрсдийн оруулж буй хувь нэмрийг тэнцвэржүүлж, өсөлт, өөрчлөлтийг авчрах илүү бат бөх, хүчирхэг хөдөлгүүрийг бүтээхийн тулд бие биенийхээ давуу талыг ашиглан машины хоёр дугуй шиг ажиллах боломжийг олгоно. Ингэснээр бид энэ үеийнхэн болон ирээдүй хойч үеийнхэндээ илүү сайн сайхан ирээдүйг цогцлоож чадна.


НҮБ-ын зүгээс жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийг чадавхжуулах ажлыг бүх талаар бодит үйл хэрэг болгоход Монгол Улсын Засгийн газар болон бүх оролцогч талтай хамтран ажиллахад бэлэн байна.

 

-Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Монгол Улсын нийт иргэдэд хандан хэлэхэд, энэхүү чуулга уулзалтыг ээлжит нэгэн арга хэмжээ гэж харалгүйгээр түүнд анхаарлаа сайтар хандуулахыг уриалж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор, Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй энэхүү уулзалт нь холбогдох бүх талыг хамарсан чухал ач холбогдолтой уулзалт юм.


Миний бие та бүхнийг чуулга уулзалтын яриа хэлэлцээнүүдэд идэвхтэй оролцохыг уриалж байна. Өөрсдийн хүсэл сонирхлоо илэрхийлж, анхаарлаа хандуулж, дуу хоолойгоо өргөөрэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр санал бодлоо илэрхийлэх өргөн боломж нээгдэх болно. Мөн энд хэлэлцсэн сэдвүүдийг ирэх есдүгээр сард Нью-Йоркт болох Ирээдүйн төлөөх дээд хэмжээний уулзалтад хүргэх боломж бидэнд бий.


Тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулах асуудлаарх үндэсний чуулга уулзалтад залуучууд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамруулан оролцуулах төрөл бүрийн арга хэмжээг НҮБ зохион байгуулж байна. Та бүхэн эдгээр боломжийг ашиглан жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах талаар бүтээлч санаагаа хуваалцаж, эмэгтэй удирдагчдын дуу хоолойг зөвхөн Монголд төдийгүй дэлхий дахинд тодоор сонсгохыг уриалж байна.


Монголчуудад, цаашлаад дэлхий даяарх хүмүүст илүү сайн сайхан, ногоон, гэрэл гэгээтэй ирээдүйг бий болгохын төлөө үгээ үйлдэл болгож, хэлэлцүүлгээ бодит үр дүнд хүргэцгээе. Энэ бол миний хувьд эгэл даруухан хүлээлт, итгэл найдвар бөгөөд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж, илүү сайн сайхан дэлхий ертөнцийг бүтээхэд тус дөхөм үзүүлэхүйц үр дүнд хүрэхийн төлөө Монгол Улсын нийт ард иргэд энэ үйл хэрэгт бидэнтэй нэгдэнэ гэдэгт миний бие чин сэтгэлээсээ найдаж байна.


-Баярлалаа!

 

 

 

 

Холбоотой мэдээ