ДОРНОГОВЬ: Анагаахын сургууль зүүн болон төвийн бүсийн аймгуудын боловсон хүчний 80 хувийг тогтмол хангаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬСайншанд, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын ууган сургуулиудын нэг АШУҮИС-ийн
Дорноговь аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль 63 дахь хичээлийн сургалт
үйл ажиллагаагаа есдүгээр сарын 1-нд
эхэллээ. Тус сургуульд энэ жил хүний их эмч,
сувилагч, эм найруулагч, лабораторийн техникч мэргэжлээр нийт 160 гаруй оюутан
элсжээ.
Өнгөрсөн түүхэн хугацаанд Дорноговь аймаг дахь Анагаах ухааны сургууль 1400 гаруй их эмч, 6000 орчим эх баригч-бага эмч, сувилагч, 800 гаруй бакалавр сувилагч, 151 бакалавр эх баригч, 200 орчим лаборантын техникч, 450 гаруй эм найруулагч, нийт 8500 гаруй эмч, эмнэлгийн ажилтан бэлтгэж, зүүн болон төвийн бүсийн аймгуудын боловсон хүчний 80 хувийг тогтмол хангаж ирсэн байна.
Дорноговийн Анагаахын сургуулийг зорин ирж суралцсанаар
энэ нутагтаа үлдэж амьдралын гараагаа эхэлсэн олон зуун төгсөгч байдаг төдийгүй
бүс нутгийн хөгжил дэвшил, хүн амын өсөлт, суурьшилд ч тус сургууль тодорхой
үүрэг нөлөө үзүүлсээр байгаа юм.
Энэ жилээс тус сургуулийн барилгын цогцолбор
барьж эхэлснээр сургуулийн сургалтын
орчин, бааз сайжирч, орон нутгийн хэмжээнд
жишиг болохуйц томоохон сургууль болон хөгжих эхлэл тавигдах аж.