Р.Гросси: АЦС хэзээ ч байлдааны ажиллагааны бай болох ёсгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРКИЕВ, 2024 оны есдүгээр сарын 4 /DW/. Атомын цахилгаан станцууд нь
хэзээ ч байлдааны ажиллагааны бай болох ёсгүй гэж Олон улсын цөмийн эрчим
хүчний агентлагийн /ОУЦЭХА/ захирал Рафаэл Гросси мэдэгдлээ. Тэрбээр өчигдөр Киев
хотноо Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй уулзсаныхаа дараа хэвлэлийн бага хурлын үеэр ийнхүү хэлсэн байна.
“АЦС-ууд нь ямар нөхцөл
байдалд, ямар улс оронд, ямар газарт байгаагаас үл хамааран аливаа довтолгоонд өртөх ёсгүй, байлдааны
ажиллагааны бай болох ёсгүй. Энэ бол бүгдэд хамаатай нийтлэг зарчим мөн” гэдгийг ОУЦЭХА-гийн
тэргүүн онцлон тэмдэглэлээ.
Түүний хэлснээр, Запорожийн АЦС-ын
нөхцөл байдал “маш эмзэг” байгаа бөгөөд дроны цохилтын улмаас хэдийд ч байдал хүндэрч
магадгүй байна. Ф.Гросси Запорож мужид очих үеэрээ тус станцын хөргөлтийн
системийн цахилгаан хангамжийн асуудалд түлхүү анхаарах бололтой. Гэхдээ Курскийн
АЦС ба Запорожийн АЦС-д үүссэн нөхцөл байдлыг хооронд нь харьцуулахыг хүсэхгүй байгаагаа тэрбээр илэрхийллээ.
Үүний сацуу ОУЦЭХА-ийн зүгээс Украины
цөмийн аюулгүй байдлыг хангахад чиглэсэн тусламжаа нэмэгдүүлж, Болгарын “Белене”
АЦС-ын төсөл хойшилсонтой холбоотойгоор тоног төхөөрөмжүүдийг Украины Хмельницкийн
АЦС-д ашиглахыг дэмжинэ хэмээн Гросси Х нийгмийн сүлжээний
хуудсандаа бичжээ.
Түүнээс гадна ОУЦЭХА-ийн
шинжээчдийн баг ойрын үед Украины АЦС-уудын эвдэрсэн дэд станцуудад очиж, нөхцөл
байдалтай танилцах ажээ.
Фронтын тэргүүн шугамаас холгүй орших Запорожийн АЦС-д дайн эхэлснээс
хойших хугацаанд 8 удаа эрчим хүч тасарч байсны улмаас дизель хөдөлгүүр ашиглаж
байв. Европ тив дэх хамгийн том АЦС-ын аюулгүй байдлыг хангах зорилгоор хоёр
жилийн өмнө ОУЦЭХА-ийн тусгай ажлын хэсгийг байгуулсан юм.
Харин тус агентлагийн тэргүүн Р.Гросси 2022 оны хоёрдугаар сараас хойш
Украинд 10 удаа, Запорожийн АЦС-д 5 дахь удаагаа ирж байна.