Д.Отгонжаргал: Яг энэ цаг мөчид кинонд тоглох санал ирвэл би шууд татгалзана, учир нь...
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГАУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 9-р сарын хоёр дахь ням гарагт Соёл урлагийн ажилтны өдрийг манай улс 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тохиолдуулан “Миний ээж тэмээчин”, “Өнө мөнх орон”, “Үлэмжийн чанар”, “Эх орон танаа”, “Амин үргэлжлэл”, “Хайрлахын жаргал”, “Хун галуу” зэрэг олон сайхан дууг сэтгэл зүрхээрээ амилуулан ард түмнийхээ сонорыг мялаасан МУГЖ, дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.
-Дуу хөгжмийн
ертөнцийн юу нь хамгийн их сэтгэлийг тань татаж энэ замыг сонгов, яаж дуучин
болсон бэ гэдгээс яриагаа эхэлье?
-Манайхан ихэвчлэн эмч мэргэжилтэй, эмчийн удамтай. Бүгд л намайг эмч болох ёстой гэдэг байсан. Би ч гэсэн эмч болно гэж бодож байсан ч миний далд ухамсар, дотоод ертөнц намайг дуу хөгжим рүү маш хүчтэйгээр ховсдон татсан. Тухайн үед Celine Dion, Mariah Carey, Toni Braxton, Boys II men гээд тэдний сонгомол, шилэгдмэл рок поп ертөнцийн маш гоё дууг сонсдог байлаа. Мөн “Pink Ployd” хамтлагийн дууг сонсдог, кассетыг нь цуглуулдаг байлаа. Өсвөр нас маань нүдээ анин хөгжим сонсож од гараг, ертөнц рүү уусаж орсон мэт мэдрэмжээр цалгиж өнгөрсөн. Эргээд бодоход миний зүрх сэтгэл, биеэр гүйж буй цусны эд эс бүхэн дуу хөгжимд чин сэтгэлээсээ дурлаж байж л дээ.
-Урлаг таны
амьдралд ер нь яаж нөлөөлсөн гэж та боддог вэ?
-Урлагийн ертөнцөд хүн маш их боловсорч, хүмүүжиж, оюунлаг, зөөлөн өгөөмөр нинжин сэтгэлийг олж авдаг. Урлаг өөрөө маш том бясалгалын нэг хэлбэр гэж би ойлгодог. Урлагийн хүн болсон болохоор хар талын шунал гэж надад байдаггүй. Харин юунд шунадаг вэ гэвэл маш сайхан уран бүтээлд, тэр тусмаа үзэгч түмнийхээ хүсэлд нийцсэн уран бүтээлийг хийх хүсэл их байдаг. Тиймээс маш их бодож, судалгаа шинжилгээ хийж, олон уран бүтээлчтэй уулзаж ярилцаж байж хамгийн хурдандаа 2-3 жил, тэгээд 7-10 жилийн хугацаанд нэг бүтээлийг гаргах тохиолдол ч надад олон бий.
-Та дуурийн
дуучнаас гадна халимаг, буриад, өвөрмонгол гэх мэт олон ястны дууг дуулсан. Энэ
нь дуурийн бусад дуучнаас ялгарах таны бас нэг онцлог байх, эсвэл таны уянгалаг
хоолойтой холбоотой юу?
-Дуурийн дуучин
дуурийн тавилттай хоолойгоор ардын дууг яагаад дуулж болохгүй гэж гэх бодол
олон жилийн өмнөөс төрсөн. Бас Отгонжаргал гэдэг дуучны хувьд ялгагдах бас нэг
онцлог нь мюзикл дуу гэж хэлж болох байх. Sara Braitman миний мөнхийн шүтээн. Хүүхэлдэйн
киноны гол үйл явдал, дүрслэлийг холбож буй мюзикл дуунд үнэхээр би дуртай.
Вродвэй мюзикл гэж бүгд мэднэ шүү дээ. Гурван
том мюзиклийн гол дүрд тоглож байсан. Нэг нь Бээжин хотын хамгийн том театрт
бүтэн хоёр цаг мюзиклийн гол дүрд дуулсан.
Судлаад үзэхэд монгол ардын дуу бол, аялгуу, бүтэц, хөгжмийн найруулгын хувьд маш гоё, өндөр түвшний философилог агуулгатай, зовлон гуниг, аз жаргал бүгдийг багтаасан гайхамшигтай шүлэгтэй байдаг.
- “Хун галуу” дуу
үзэгчдэд маш сайн хүрсэн уран бүтээлүүдийн тань нэг байх...
-“Хун галуу” бол миний мөрөөдлийн чиглэл буюу мюзикл поп опера юм. Маш гоё болсон. “Анир” студийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Алтанхуяг ахтай хамтарч хийсэн дуу л даа. Бид хоёр үүнд урамшин “Заян Наваа” буриад ардын дууг хийсэн. Эрдэмтэд 800 эсвэл 1200 жилийн түүхтэй гэж маргалддаг. Үнэхээр гайхамшигтай дуу л даа.
-Бясалгалын
агуулгатай гэж монголчууд шүтэж дуулдаг “Үлэмжийн чанар” дууг дуурийн дуучин
дуулна гэдэг бас сонин байсан ...
-Тийм ээ, “Үлэмжийн чанар” дууг хийхээр “Анир”-ын Хуягаа ахад хандахад, “Үлэмжийн чанар”-ыг дуурийн дуучин дуулна гэхэд зохилдолгоо, сонсголонгийн хувьд нийлэмж байхгүй” гэсэн. Тэгэхээр нь төгөлдөр хуур дээр тоглонгоо, дээд талын өнгөн дээр дуурийн жиргэдэг чимэглэл хийж дуулж сонсгож байж зөвшөөрүүлж хийсэн дуу л даа. “Үлэмжийн чанар” бол үг, ая шигээ ямар ч тохиолдолд яаж ч дуулсан цэцэг шиг дэлгэрч байдаг гайхамшигтай бүтээл. Хөгжмийн найруулгыг нь нүдээ аниад сонсвол хавар болж, ханш нээгдээд булаг горхи ундарч буй мэт сонсогддог.
-Та чөлөөт уран
бүтээлчийн хувьд өдөр бүр тоглолттой байдаг байх. Тоглолтоос тоглолт, урилгаас
урилгын хооронд ажиллаж амьдрах ачааллыг хэрхэн давж гардаг вэ?
-Урлагийн амьдралаар асар олон гоё зүйл үзэж, олон орны тайзнаа дуулж, бөөрөнхий цэнхэр гарагаа тойрлоо. Тиймээс урлаг гэдэг гайхамшигтай том ертөнцөд орж ирсэндээ үнэхээр талархаж, залбирч, мөргөж явдаг. Үнэхээр ургахын улаан нартай уралдан гэрээс гарч нар шингэсэн хойно нь гэртээ ирэх өдөр хоног цөөнгүй л дээ. Дуучид тэр дундаа дуурийн дуучид маш их ачааллыг авдаг. Эсрэгээрээ ядарсан, сульдсан байдлыг витамин шиг нөхөж өгдөг юм бол дуучны маань ажил байдаг. Тиймээс эрч хүчтэй явдаг. Харин ажил багатай улиралд буюу Шинэ оны дараагаас Цагаан сарын хооронд ажил багасах үед ядраад байх шиг санагддаг /инээв/.
-Ер нь чөлөөт цаг
гардаг уу, чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Чөлөөт цагаараа агаар салхинд гарах, фитнестээ явах дуртай. “Гоолингоо” фитнесст 20 жил явж байна. Ер нь гэр бүл, ээж, хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. Хүний амьдралд гэр бүл гэдэг ажил, амжилт, их мөнгөнөөс илүү чухал гэдгийг ойлгосон.
-Дэлхийн ямар
театрт дуулна гэж мөрөөддөг байсан бэ. Мөрөөдлөө биелүүлж чадсан уу?
-Миний хувьд Англи, Турк, Дубай, Орост дуулж байсан. Азийн орноос гэвэл бараг бүх гоё театрт дуулсан. Дуурийн дуучны хувьд, Европын тайзан дээр дуулахыг хүсдэг. Өдгөө гадны тайзыг эзэгнээд, гайхуулаад явж байгаа манай Монголын дуучид байна. Өөрөө чадаагүй ч гэсэн тэр дуучдаараа үнэхээр бахархаж, өөрөө тэр тайзан дээр дуулсан мэт мэдрэмжийг авдаг.
-Та тайзан дээр
гарахын өмнө юу хийх дуртай вэ?
-Ер нь дуулахынхаа өмнө бясалгадаг. Тайзны ард 2-3 минутад өөрийгөө төвлөрүүлдэг. Ямар ч уран бүтээлч тайзнаа гарахын өмнө догдолдог.
-Та 20 гаруй жил
дуулж байна. Ер нь таны хувьд хамгийн сонгодог тайз хаанах байсан бэ?
-СУИС-ийг төгсөх жилээ тайлан тоглолт хийсэн. Тэр бол маш том хэмжээний, цэвэр сонгодог тоглолт байсан. УДЭТ-т тус театрын симфони найрал хөгжимтэй, МУУГЗ, Н.Туулайхүү маестро удирдан, Боловсролын тэргүүний ажилтан, СУИС-ийн Сонгодог урлагийн тэнхимийн эрхлэгч н.Энхтуул багш төгөлдөр хуур тоглон, манай О.Ичинхорлоо багшийн удирдлага дор сонгодог тоглолт хийж байсан. Тэрхүү тоглолт одоо хүртэл санаанаас гардаггүй. Манай дуурийн оркестрын хөгжимчид семчокоороо алга ташаад үнэхээр гоё тоглолт болсон. Тэр тоглолт цааш явах, зөв сонголт хийх, сонгосон сонголтоо 100 хувийн гүйцэтгэлтэй хийдэг байхыг надад суулгаж өгсөн.
-"Voice"
хамтлагийн ганц эмэгтэй гишүүн байсан. Анх тус хамтлагийг байгуулахдаа
"монгол поп опера урсгал"-ыг эх орондоо хөгжүүлэхийг зорьсон гэдэг. Энэ
урсгалын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгч болох уу?
-Бид монгол хүний ур, ухаанаас бүтсэн монгол поп операг яагаад
гаргаж болохгүй гэж гээд энэ чиглэлээр уран бүтээлээ туурвисан. Маш том том,
яруу найрагч, уран бүтээлчидтэй хамтарч ажилласан. Хамгийн сайн мэдэх нь манай
“Монгол” гээд дуу байдаг.
Анх поп сонгодог төрлийн урсгалаар эмэгтэй хоолойтой хавсарч
дуулбал үнэхээр гоё болно гээд уран бүтээл хийж эхэлсэн. Манай С.Баттулга баритон
/эрэгтэй аргил/, А.Эрдэнэжаргал тенор /эрэгтэй цээл/, би сапрон /нарийн цээл/ хоолойтой, Тулгаа маань тухайн
үед ФМ 104.5-ийн хөтлөгч, Улсын филармонид дуучин, оюутан мөртөө маш олон зүйлд
өөрийн карьерийг үүсгэсэн амжилттай явж байсан залуу байлаа.
Тэгээд бид “Voice of Mongolia” төсөл хэрэгжүүлсэн. Төсөл нь
залуусыг эх оронч сэтгэлгээтэй болгох, өсвөр нас, дунд, идэр насныхан манай
хамтлагийн бүтээлүүдийг сонсоод зүрх нь эх орныхоо төлөө цохилдог байх, бие
биенээ хайрлаж хүндлэх сэтгэл төрүүлж байх зорилго тавьсан. Энэхүү жанжин
шугамаа алдахгүй бид 11 жил уран бүтээлээ хийсэн.
Цомгоос гадна 60 орчим дуу хийсэн байна. Дэлхийн олон оронд энэ төслөөрөө бүтэн хэмжээний тайлан тоглолт хийж байлаа. Манай хамтлаг тараад 7 жил болж байна. “Ийм хамтлаг байсан юм уу” гэж хүмүүс хэзээ ч асууж байгаагүй нь бидний бахархал юм даа.
-Та дуулахаас гадна чадварлаг жүжигчин гэдгээ “Ану хатан”
киногоор харуулсан. Ухаалаг, үзэсгэлэнтэй, зоригт дайчин хатны
дүрийг бүтээхэд хэцүү байв уу. Кинонд тоглохоор хэрхэн шийдэж байв?
-“Ану хатан” кино 2013 оны нэгдүгээр сард нээлтээ хийсэн. Зураг авалт нь 2012 оны дөрөвдүгээр сард эхэлсэн. Одоо “Бурхан минь, яаж тоглож чадсан юм бол” гэж боддог. Залуу хүний эрч хүч, хүсэл мөрөөдөл, намайг тойрсон киноны хамт олны энерги айдас, чадваргүй, туршлагагүй байдлыг маань нөхөөд явсан. Тэр үед би 20 гаруй настай байв. Тэр үед зохиолч Б.Шүүдэрцэцэг “Ану хатан” киноныхоо Ану хатны дүрд тохирох эмэгтэйчүүдэд санал тавьсан юм билээ. Нийт 30-аад эмэгтэй дүрийн сонгон шалгаруулалтад орсон. Долоо хоногийн турш зарласан сонгон шалгаруулалтын хамгийн сүүлийн өдөр нь би очсон.
-Киноны зохиолч нь таныг урьсан юм байна шүү дээ, тийм үү?
-Би 2011 оны хоёрдугаар сарын 14-нд Тусгаар тогтнолын ордны шинэ театрт “Өнө мөнхийн орон” анхны бие даасан уран бүтээлээ тавьсан юм. Тэр үед нэг сэтгүүлийн коверт миний зураг гарч, Шүүдэрээ эгч түүнийг хараад намайг урьсан юм билээ. Киноны дүр сонгон шалгаруулалтад орно гэхэд маш их айж байсан ч зохиолч Б.Шүүдэрцэцэг эгчийн саналыг хүндлээд очсон. Монголын сайхан жүжигчид, нэвтрүүлэгчид, дуучид шалгаруулалтад орсон юм билээ. Тэгээд нэг минутын диалогт жүжигчин С.Ариунбямба л намайг хөтлөөд явчихсан. Сонгон шалгаруулалтын дараа бушуухан хувцсаа сольж өмсөөд зугтсан. Хоёр сарын дараа Шүүдэрээ эгч залгаж Ану хатны дүрд сонгогдлоо гэж хэлэхэд бүх бие, тархи, мэдрэмжинд том аянга буух шиг л болсон. Тэгээд анхны мотор цохих хүртэлх хэдэн сарын хугацаанд туулайн зүрхтэй амьдарсан. Кино зураг авалтад анхны мотор дуугарах нь ёслол төгөлдөр баяр юм билээ. Нийт 500 гаруй уран бүтээлч оролцож байгаа учраас тэдний ажлыг цалгардуулж болохгүй гэсэн зүрх сэтгэлээр л хичээж ажилласан даа.
-Ану хатны дүрийн үндсэн шалгуур нь яг юу байсан бэ?
-Хамгийн гол үзүүлэлт нь морь унаж чаддаг, бие бялдрын хувьд
тамирчин шиг зоригтой, эрмэг байх хэрэгтэй байсан. Гэтэл би төв суурин газарт
өссөн болохоор морь унаж үзээгүй байв.
Хустайн нуруунд очиход морь бэлдчихсэн байсан. Морин дээр
мордоход айдастай байсан ч дөрөөн дээр хөл гишгээд л гайхмаар тайвширчихсан шүү.
Анх морины нуруун дээр гарч эрчүүдтэй зэрэгцэн давхихад цогиулах хэцүү, харин
давхих нь амар байв. Тэгж анх морь унахдаа мэргэжлийн тамирчин шиг, морин
тойруулгын тамирчин шиг унасан нь магадгүй монгол хүн болж төрсөнтэй маань
салшгүй холбоотой байх. Бас Дархан-Уул аймагт сагсан бөмбөгийн шигшээгийн
тамирчин байсан маань ч нөлөөлсөн болов уу даа.
Кинонд тоглож байх үед, кино зураггүй үед ч гэсэн бүх хүн “чи хатан шүү” гэдэг мэдрэмжийг надад киноны багийнхан төрүүлж, бүгд л “хатан дээшээ суу” хэмээн хүндэлдэг байсан. Надаас гарч буй үйлдэл бүхэн XVI зууны их хатны хэмжээнд дүйж очих ёстой учраас тэр шүү дээ.
-Кинонд тоглож байхад хөгжилтэй явдал нэлээн тохиолдсон
байх. Одоо дахин кинонд тоглох санал
ирвэл тоглох уу?
-Дуурийн дуучид хангалттай нойроо авах ёстой. Гэтэл жүжигчдийн амьдрал илүү хүнд, хэцүү гэдгийг түүхэн кинонд тоглоод мэдэрсэн. Тиймээс жүжигчдийг үнэхээр их хүндэлдэг. Яг энэ цаг мөчид кинонд тоглох санал ирвэл шууд татгалзана. Тоглож чадахгүй ээ гэж үнэнээ хэлнэ.