СҮХБААТАР: Ахмадууд спортын долоон төрлөөр өрсөлдөнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын нэрэмжит “Ахмад-2024” спортын олон төрөлт зургаадугаар наадмын төвийн бүсийн тэмцээн болж байна. Сүхбаатар аймаг 5000 гаруй ахмад настантай. Үүний 40 гаруй хувь нь Баруун-Урт суманд амьдарч байна.
2017 оноос хойш тогтмол зохион байгуулж буй тус тэмцээн нь ахмад настнуудыг нийтийн биеийн тамир, спорт, дасгал хөдөлгөөнд хамруулах, эрүүл мэндийг нь дэмжих, тэдний хөгжил, оролцоог идэвхжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сум, албан байгууллага, аж ахуйн нэгжээс зохион байгуулж байгаа ажлыг эрчимжүүлэх зорилготой.
Хоёр өдрийн турш ахмадууд шатар, ширээний теннис, дартс, софт волейбол, граунд гольф, нумт харваа, шугаман бүжиг гэсэн долоон төрлөөр хүчээ сорин өрсөлдөж, эхний хоёр байрт шалгарсан баг аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийг авна.