ХОВД: Ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулахаар судалж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-09-13 13:41:39

Жаргалант, 2024 оны есдүгээр сарын 13 /МОНЦАМЭ/. Ховд аймаг БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Ван Юань компанитай хамтран ажиллана. 


Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд өчигдөр БНХАУ-ын ШУӨЗО-ны Алтай аймгийн Ван Юань компанийн ерөнхийлөгч Чөн Шин Лан тэргүүтэй албаны төлөөлөлтэй уулзлаа.   


Энэ үеэр Ховд аймагт хэрэгжиж буй "Шинэ Ховд" үйлдвэр технологийн паркийг түшиглэн ингэний сүү боловсруулах үйлдвэр байгуулах, тэмээг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг шимийг нь сайжруулах, малчдын орлогыг нэмэгдүүлэх ямар боломж байгаа талаар ярилцжээ.  


Ван Юань компани нь 17 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ингэний сүүний үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлснээр эрүүл мэндийн ундаа, гоо сайхан, ноосон эдлэл зэрэг олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тус компани Ховд аймагт өдөрт 40 тонн ингэний сүү боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулахаар урьдчилсан судалгаа хийж байна. 


Ховд аймгийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батболд хэлэхдээ, "Энэ удаагийн уулзалт нь Ван Юань компани, Ховд аймаг хоорондын хамтын ажиллагааны эхлэл бөгөөд үйлдвэр барих тал дээр орон нутгийн зүгээс дэмжиж ажиллана" гэв. 


Үйлдвэр ашиглалтад орсноор малчид жилд нэг тэмээнээс таван сая орчим төгрөгийн орлого олох боломж бүрдэнэ. Мөн орон нутагт ингэний сүүгээр төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох юм.  


Ван Юань компанийн төлөөллүүд үргэлжлүүлэн “Шинэ Ховд" баруун бүсийн хөгжлийн корпорац, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Тэмээчдийн хоршоо болон малчдын төлөөлөлтэй уулзаж, санал солилцсон гэж Ховд аймгийн ЗДТГ-ын цахим хуудсаар мэдээллээ.     


Холбоотой мэдээ