Д.Марадона нас барсан гэх хэргийн шүүх хурлыг хойшлуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-09-13 14:23:12

БУЭНОС-АЙРЕС, 2024 оны есдүгээр сарын 13. /ТАСС/. Эмч нарын буруугаас үүдэн дэлхийн аварга хөлбөмбөгчин Диего Марадона нас барсан гэх хэргийн шүүх хурлыг дахин хойшлуулсан тухай Аргентины Сан-Исидро хотын шүүхээс мэдэгдсэнийг телевизийн ESPN суваг дамжууллаа.


Үүрэгт ажилдаа хайнга хандсан хэрэгт буруутгагдсан найман эмчийн гурав нь шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг гаргажээ.

Хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг 2025 оны 3 дугаар сарын 11-нд хийхээр шийдвэрлэсэн байна. Шүүх хурлыг анх 5 дугаар сарын 4-нд хийхээр төлөвлөсөн боловч 10 дугаар сарын 1 болгож хойшлуулсан юм.


2021 оны сүүлчээр Ерөнхий прокурорын газраас тухайн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд найман эмнэлгийн ажилтныг "санаатай бусаар хүний амь үрэгдэхэд хүргэсэн"  хэрэгт холбогдуулан шүүх гэж байгаа нь 2022 оны 6 дугаар сард тодорхой болсон байна. Тэдний дотроос мэдрэлийн мэс засалч Леопольдо Луке, мэдрэлийн эмч Астана Косачев, сэтгэлзүйч Карлос Диас нарт 8-25 жилийн ял оноож магадгүй байгаа юм. Энэ гурван хүн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргажээ.


Д.Марадона тархины мэс засал хийлгэснийхээ дараа 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс хойш гэртээ эмчлүүлж байгаад мөн сарын 25-ны өдөр нас барсан юм.  Хүнд мэс засал хийлгэсэн түүний асаргаа сувилгаа нь стандарт шаардлагад нийцэхгүй байсан тухай гэрт нь очиж байсан хүмүүс прокурорт мэдүүлжээ.


Марадона 61 насандаа зүрхний цочмог дутагдал болон уушгинд үүссэн хавангийн улмаас нас барсан юм.  


ХХ зууны шилдэг хөлбөмбөгчдийн нэг, 1986 оны дэлхийн аварга тэрбээр Италийн АШТ, Италийн цомын тэмцээн, Испанийн АШТ ба УЕФА-гийн цомын тэмцээнд түрүүлж байсан билээ. Домогт хөлбөмбөгчин 687 тоглолтод оролцохдоо 363 гоол оруулснаас Аргентины шигшээ багийн бүрэлдэхүүнд 113 удаа тоглохдоо 50 гоол оруулжээ. 

Холбоотой мэдээ