Япон улс ЮНЕСКО-г санхүүжүүлэхээ зогсоолоо

Дэлхийд
adiyakhuu@montsame.mn
2016-10-14 12:18:33

ТОКИО./TASS/. ЮНЕСКО-д олгодог санхүүжүүлэлтээ зогсоосон гэдгээ Японы Засгийн газар мэдэгджээ.

Энэ нь Хятадын Нанжин хотод Японы цэргүүд хүмүүсийг үй олноор нь хядсан явдлыг гэрчлэн харуулсан архивын материалуудыг Дэлхийн өвийн жагсаалтад оруулах тухай ЮНЕСКО-гийн шийдвэрийг Японы тал эсэргүүцэж байгааг харууллаа.

Дээрх шийдвэртэй холбогдуулан Японы Гадаад хэргийн сайд Фүмио Кишида мэдэгдэхдээ “санхүүжүүлэлтийг зогсоох шийдвэрийг гаргахдаа янз бүрийн хүчин зүйлүүдийг олон талаас нь цогцоор нь үнэлж дүгнэсэн”  гэжээ.

ЮНЕСКО-д цаашид мөнгө өгөхгүй гэдгээ Токиогийн эрх баригчид өнгөрсөн оны 10 дугаар сард мэдэгдэж байсан юм. Япон улсаас олгодог мөнгө нь ЮНЕСКО-гийн төсвийн 10,8 хувийг бүрдүүлдэг учраас дээрх мэдэгдэл тус байгууллагад хүндхэн цохилт болох нь ойлгомжтой.

Өнгөрсөн онд Хятадын гаргасан хүсэлтийн дагуу 1937 онд Нанжин хотод Японы цэргүүдийн үйлдсэн хядлагын талаарх архивын материалуудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн баримтат өвийн жагсаалтад оруулсан байна. Үүнийг эсэргүүцэн Японы ГХЯ мэдэгдэл гаргаж “Бээжингийн танилцуулсан баримт бичиг, материалууд нь түүхийг гажуудуулж, нэг талыг барьсан дүгнэлтэд үндэслэсэн” хэмээн эсэргүүцэж байсан юм.

Түүний сацуу ЮНЕСКО-г болон Дэлхийн өвийн жагсаалтыг бүрдүүлдэг тогтолцоог шинэчлэхийг шаардах болно гэдгээ Японы тал мэдэгджээ.  

Дашрамд дурдахад, 2011 онд Палестиныг ЮНЕСКО-д элсүүлснийг эсэргүүцсэний тэмдэг болгож АНУ, Канад, Израиль зэрэг хэд хэдэн улс тус байгууллагыг санхүүжүүлэхээ зогсоож байсан юм.

Б.Адъяахүү  

 



 

Холбоотой мэдээ